“Miss World-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э.Энхриймаа Монгол Улсад нэн тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал болох сүрьеэтэй тэмцэх чиглэлээр өөрийн санаачлан эхлүүлсэн “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)” төслийг санаачилсан билээ.

Тэрбээр уг төслийнхөө хүрээнд албан байгууллага, иргэдийн дунд явуулж буй “100+ төгрөг” аян зохион байгуулсан юм. Аяны хүрээнд цуглуулсан мөнгөөрөө сүрьеэ өвчтэй 1600 хүний хэрэглэх аминдэм, элэг хамгаалах эм, бэлдмэлийг өгч байсан билээ. 

Энэ төслөө “Miss World-2018” тэмцээнд орохдоо ч мөн танилцуулсан. Тэгвэл мисс Э.Энхриймаагийн энэхүү санаачилгыг БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Ли Юан дэмжиж 100 мянган юанийн санхүүжилт олгохоор болсон байна.

Уг санхүүжилтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хайминаар итгэмжлүүлэн гардуулж өгөхөөр болсон байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцах ажээ. Хандив гардуулах үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдөр болох юм байна.

Сонирхуулахад Хятадын тэргүүн хатагтай  Пэн Ли Юан 2011 онд дархлалын олдмол хомсдол /ДОХ/ болон сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн санааны элч болсон юм. Түүнчлэн тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа юм.