"Жаран цагаан хонь" зохиолын ерөнхий тоймыг бичсэн учир энэ удаа өөрийн ажигласан мэр сэр алдаа дутагдлыг хэлэхийг хүслээ. "Ногоон нүдэн лам" романыг шүүмжилж байсан алдаанууд энд дахиад л давтагдаж байна. 

Зүгээр өмнөх шүүмжийнхээ нэрийг солиод тавьсан ч болохоор байна. Байгалийн дүрслэл сайтай, баримт материал арвин баялаг байна. Харамсалтай нь түүнийгээ зөв ашиглаж чадсангүй. Дэндүү гэхэд дэндүү нуршуу болжээ. Нэг айлын мал тоолоход хоёр гурван хуудас, багийн хурал гэхэд л хорь гаруй хуудас үргэлжлэнэ. Цэдэнбал дарга оюутнуудтай уулзаад хэлэх үг нь бас л хэд хэдэн хуудас. Баахан тоо баримт, тоочилтууд. Ямар намын хурлын тайлан биш дээ. Уран зохиол юм байгаа биз дээ. Хайран цаг зав, цаасны гарз гэж шогширмоор. Ямар ч үр ашиггүй сунжирсан уртаас урт ярианууд. Үнэндээ л залхаж ядраад , цааш уншихаас урам хугарна. 

Монгол ахуйгаас хол, харь хөндий сэтгэсэн нь зохиолын олон хэсгүүдэд илт харагдаж байна. Тэр ногоон нүдтэй Баасан лам чинь яасан өөрийгөө захирч чадахаа байсан дүүрчихсэн нөхөр вэ? Шашны сахил санваартай, бас ч үгүй шоронд 8 жил суусан хүн чинь бие сэтгэлийн хаттай, Монгол эр хүн шиг баймаар юм даа. Сав л хийвэл дүүгийнхээ авгайн гар хөлөөс атгаад үнсэж үнгэх гээд, орой үдэш модны зах, голын хөвөө рүү явбал араас нь гүйгээд байх юмаа. "Сэндмаа би чамгүйгээр амьдарч чадахгүй" гээд л уйлан дуугарах нь өрөвдөлтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй санагдаж байна. Сэндмаа ч тэр гар шүргэх, амьсгал ойртохын төдий ухаан мэдрэл нь мансуурчих юм. Онгон бүсгүй биш дээ ямар олон хүүхдийн эх хүн шүү дээ.
"...Сэндмаа минь өршөөгөөрэй. Би хуял тачаалаа барьж чадаагүй юмаа...Чамтай л сууя гэж боддог байлаа. Гэвч би дүүгээ хэзээ ч гомдоож болохгүй, намайг дагаад явбал хүүхдүүд чинь өнчирч дүү минь зовно гэж бодохоос..." гэж зургаан хүүхэд гаргасан төрсөн дүүгийнхээ эхнэрт тачааж байгаа тэр хүнийг мэдрэл нь зүгээр байгаа даа л гэж бодсон шүү! Амьдрал хүнд хэцүү байсан ч эцэг эх нь үр хүүхдийнхээ төлөө улаан голоо тасартал тэмцдэг Монгол хүний зан чанарыг бүрхэгдүүлсэн мэт бодол төрөв. Болд хүүхдийг нь гуйж ирсэн хүмүүст зүгээр л хонь хурга өгч байгаа юм шиг аваад яваа л гэх юмаа. Шалтгаан нь тэжээж хүчрэхгүй! Нэг бол яана гэхэв дөрвийн дөрөв шүү дээ таминь! Үр хүүхэдгүй хүмүүсийг өрөвдсөн гэж цагаатгаж болох ч ... Гүнчин охиныг өргөж авсан нутгийн залуу Чойжоо нөгөө муу жаахан охинд хоол унд өгөхгүй зодож нүдэн, өвлийн хүйтэнд тугалын хашаанд хонуулан боол зарц аятай тамлан зовоох юмаа. Нэг нутаг усны айл саахалт шахуу хүмүүс үрийн буян гуйж охин үрийг нь авчихаад харгислаад байна гэдэг хүнлэг зан чанартай хөдөөх Монгол хүний ой тойнд багтамгүй үйлдэл шиг санагдана. Хүний чанар муудаагүй дөчөөд он шүү дээ.

Найруулга, утгын алдаатай зүйл ч багагүй байна. Ганц жишээ татая! Ойд мод хийж байсан Баасан дээр Чулуунжий ирдэг хэсэгт "Урт сэгсүүргэн дээл өмсч, үнэгэн лоовууз духдуулсан Чулуунжий инээж зогсоно...Энэ зуур Баасангийн нүд Чулуунжийгийн дотоод хормойны завсраар гялсхийн цухуйх нүцгэн гуяыг нь хараадхав...Тэр Чулуунжийгийн хөдөлгөөн бүрт цухалзах нүцгэн бүдүүн гуя , түүнийг нэг далдалж нэг ил гаргах сэгсүүргэн дээлний хормойг л ширтэж байв...Бүсгүй хөлөө өргөж Баасан түүний азарга нь болов. " Юу вэ, энэ чинь одоо? Өвлийн хүйтэнд сэгсүүргэн дээлтэй бүсгүй доогуураа өмдгүй шалдан явах гэж үү? Нэг бол Баасантай секс хийнэ гэж зориуд нүцгэн ирсэн хэрэг үү. Арай ч дээ л гэж бодогдлоо. За би ёстой учры нь олсонгүй шүү. Энэ мэтээр тоочвол уртаас урт юм болох нээ. 

Олон хүний итгэл найдвар, хүлээлт, хүсэл мөрөөдөл...гэж бодохоос харамсах сэтгэл төрлөө. Бараг л 9жилийн турш бичигдсэн зохиол гэхэд өмнөхөөсөө ямар ч сургамж авсангүй. Уран сайхны түвшин доогуур соц.реализмын үеийн үзэл сурталжсан ланжгар зузаан зохиолуудаас нээх ялгарах юм алга.

Энэ зохиолыг гэгээлэг болгосон ганц дажгүй дүр нь сохор бөө Одын хүү Агваан байлаа. Түүнд хүн чанар үлджээ. Маршал Чойбалсан, Цэдэнбал нарын хоорондын харилцааг үзүүлж байгаа түүхэн хэсгүүд нь тун дажгүй болжээ. Эцэст нь "Орчин цагийн хүүрнэл зохиолын үндсэн амин сүнс нь үгийн урлаг болоод сэтгэлгээний урлаг юм" гэсэн Г.Аюурзана зохиолчийн үгийг сануулья! 

Ерөөс уран зохиол бичигч хүний гол тулгуур нь АВЬЯАС-МЭДРЭМЖ-СЭТГЭЛГЭЭ гурав юм. Энэ зохиол дахин цааш үргэлжлэх юм байна. Нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо, НҮБ-д элссэн, сэхээтний төөрөгдөл гэх мэт томоохон сэдвийг хамарч Ю.Цэдэнбалын ноёрхлын үе дахь хэлмэгдүүлэлтийг хөндөх байх гэж бодож байна. Дахин уншигчдаа бүү ингэж зовоогоосой гэж залбирах байна.