Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 17 жилийн нүүр үзэж байна. Тэд  энэ жил Монголд цагаан сараа тэмдэглэхээр иржээ. 

Стивен Сигал манай уламжлалт баярыг хүндэтгэн шинийн нэгний өглөө монгол дахь гэртээ морин хуурч, уртын дуучинг урин залж  "Тунгалаг тамир" хэмээх уртын дуугаар шороон нохой жилийнхээ шинийн нэгний  өглөө сонсохыг хүссэн байна. Сонирхуулахад түүний гэргий Б.Эрдэ­нэтуяа эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд фэйсбүүк хуудастаа нийтэлсэн түүний шүлгүүд уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн байдаг юм. Энэ өдөр Б.Эрдэ­нэтуяа монгол түмэндээ зориулж энэхүү шүлгийг тэрлэжээ.

Алтан эринд эрч нэмж
Аялгуу тэнгэрт хөг нэмж
Ахуй төрд минь хүч нэмж
Ард олонд минь эв нэмсэн
Алтан унжлагат тахиа жил минь
Аясаар нэгэнтээ эрчлэн жаргаж
Алтаар урсах буян хайрлаад
Алсарч тэр улиран одлоо!
Айл хотолд амгаланг бөхлөх
Алтан дэлхийд жаргаланг эрчлэх
Ард Монголыг минь манан хамгаалах
Алтан Төрийг минь төвшитгөх босгох
Тийн Унжлагат Нохой жил минь
Тэнгэрийн дуутай айлчлан ирлээ
Түмэн олонд минь дэмээ өгөхөөр
Түүхийн өмнө тодроод ирлээ!
Торгон хадагтай тосоод авъя таныг
Тоонот гэртээ хурайн дуутай угтъя
Торгон дээлээрээ гоён байж золгоё
Тоост орчлонтой эвлэн байж залъя!
Цантай тэнгэрт сүслэн байж шинэлье
Цаст хайрхдаа магтан байж шинэлье
Цадиг түүхээ бахдан байж шинэлье
Цагийн сайханд итгэн байж шинэлье!
Цогтой дайчин өвгөдөө бадрааж шинэлье
Цолмон гэгээн эмгэдээ баясгаж шинэлье
Цог жавхланг түмэндээ дуудаж шинэлье
Цойлох хүчийг үрсдээ ерөөж шинэлье!
Цуурын аялгуунд цул болон гэрэлтье
Цуутай бурхдын хүч болон эрчилье
Цуцашгүй морьдын хийморь болон мандъя
Цугласан жанждын уухай болон нүргэлье!
Хөх Монголдоо хүчийг өргөөд залбиръя
Хүмүн олондоо хайрыг өргөөд залбиръя
Хүй орчлонд эвлэхүйг эрчлээд залбиръя
Хүний хорвоод энэрэхүйг эрчлээд залбиръя!


Шороон Нохой жилийн Шинийн Нэгэн.