МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа Монголын нутгаар дамжуулан Ямалаас БНХАУ-д хий нийлүүлэх асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон байна.

ОХУ-ын төрийн тэргүүний хэлснээр, баруун чиглэлээр хий нийлүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхийн тулд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ямал дахь хийн нөөцийг шалгах шаардлагатай. "Энэ чиглэл хэцүү" боловч "хэрэгжүүлэх бүрэн боломжтой" гэдгийг  тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


"Сибирийн хүч" хий дамжуулах хоолойгоор 12 дугаар сарын 1-нээс эхлэн Оросын хийг Хятадад нийлүүлж эхэлнэ гэдгийг "Газпром"-ын тэргүүн мэдээлсэн байна. "Хий экспортлогч дэлхийн хамгийн том орноос хамгийн том импортлогчид нийлүүлж байгаа учраас энэ нь түүхэн үйл явдал болно" гэж Миллер нэмж хэлжээ. Түүний хэлснээр, 30 жилийн хугацаанд Хятадын зах зээлд нэг их наяд шоо метр хий нийлүүлэх аж.


Миллeрийн хэлснээр, Хятадын зах зээл нь дэлхийн хамгийн динамик, хамгийн хурдан хөгжиж буй зах зээл юм. Москва болон Бээжин одоогийн байдлаар БНХАУ-д өөр чиглэлээр хий нийлүүлэх боломжийг судалж байгаа болохыг тэрбээр мөн мэдээлсэн байна. Миллерийн хэлснээр,  баруун чиглэлээр болон Сахалинскийн олборлолтын төвөөс Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх боломжийг судалж байгаа аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг