Засгийн газрын хуралдаанаар Булган, Сэлэнгэ, Төв аймагт орших Ноён уулын дархан цаазат газрын хилийн зааг, Өмнөговь аймагт орших ирвэсний өлгий Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ. Ингэснээр 14 тусгай зөвшөөрөл хүчингүй болох юм. 

Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.