Их Британийн парламентын Нийгэмлэгүүдийн танхимын депутатууд оффшор данснуудын эздийн нэрийг дэлгэж байхыг Нэгдсэн вант улсын далайн чанад дахь газар нутгуудын захиргаадад үүрэг болгосон байна. Хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх болон мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийн төсөлд сөрөг хүчний Лейборист намын депутат Маргарет Хож болон эрх баригч Консерватив намын депутат Эндрю Митчелл нарын оруулсан нэмэлт, өөрчлөлтөд ийм арга хэмжээ авах тухай дурджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, санал хураалт явуулалгүйгээр баталсан уг нэмэлт, өөрчлөлтийн дагуу Нэгдсэн вант улсын далайн чанад дахь газар нутгуудын захиргаад нь өөрийн харьяалалд бүртгэсэн компаниудын жинхэнэ эздийн нэрийг 2020 дуусахаас өмнө нийтлэх ёстой болж байгаа аж. Өмнө нь Их Британийн мэдэлд байдаг 14 нутаг дувсгэрийн, тэдгээрийн дотор Виржинийн арлууд болон Кайманы арлуудын засаг захиргаа нь компанийн эздийн тухай мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулах оролдлогыг амжилттай няцааж байсан байна.
 
Их Британийн засгийн газар олон нийтэд хүртээмжтэй ийм бүртгэл бүрдүүлэх санааг саяхан болтол эсэргүүцэж байсан хэдий ч Консерватив намын 21 депутат лейбористуудын дэвшүүлсэн энэ дээрх саналыг дэмжиж байгаа тул эсэргүүцэж чадахгүй болсон ажээ.
 
Энэ арга хэмжээнд ОХУ-ын иргэд ч өртөх юм байна. “Global Witness” төрийн бус байгууллагын мэдээллээр, Британийн оффшор бүс дэх Оросын иргэдийн хөрөнгийн хэмжээ 34 тэрбум фунт стерлинг (47 тэрбум ам.доллар) хүрдэг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг