Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
05 сарын 24, 2025
Хүүхдэд шинжлэх ухааны мэдлэгийг үйлдэн суралцах арга зүйгээр дамжуулан олгодог ШИМТ+ боловсролын төвийн гүйцэтгэх захирал, Физикийн ухааны доктор PhD Ц.Хос-Очиртой ярилцлаа.
STEAM бол Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн үгийн товчлол билээ. Харин ШИМТ+ нь шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн мэдлэг гэсэн үг юм.
Инженерчлэлийн ур чадварыг бие даан эзэмших боломж
Суралцана гэдэг нь тархины неоронуудын эрчимтэй холболтууд л явагдаж буй үйл явц юм. Тэр холбоос мэдрэхүйн эрхтнүүд нэг зэрэг ажиллаж байхад илүү бат бөх үүсдэг. Жишээлбэл лекц сонсож байхад зөвхөн чих ажиллана. Үүн дээр үзүүлэн материал харуулчихвал чих, нүд хоёр зэрэг ажиллаж байна гэсэн үг.
Бид хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг үйлдэн суралцах арга зүйгээр дамжуулан олгодог.
ШИМТ+ бол олон улсад ихээхэн хөгжиж байгаа STEAM туршилтын хэрэгсэл дээр хүүхдүүдийг ажиллуулж, өөрсдөө багажаа угсарч, шинжлэх ухааны туршилт хийх замаар шинжлэх ухаанч хандлагаа хөгжүүлж, технологийн хэрэглээнд суралцуулах арга зүй юм.
ЕБС-д физик, хими, математик, технологи гэх мэт хичээлийг заахдаа голдуу уламжлалт хэлбэрээр мэдээлэл өгөх, бодлого бодуулах, тодорхой хэмжигдэхүүнийг тодорхойлох туршилт хийх аргаар явуулдаг. Харин бид сонирхолтой болгохын тулд зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн ур чадварыг бие даан эзэмших боломж олгоход анхаарч байна.
Видео үзэх:
Хүүхдийг хөгжүүлэх бүтээлч шийдэл
Зарим хүмүүс леготой төстэй юм уу, тоглоом юм уу гэж асуудаг юм. Лего тодорхой нэг зүйлийг хийгээд дуусдаг бол энэхүү шинжлэх ухаанч тоглоомууд тухайн эд юмсын үйл ажиллагааг ажиглаж, тэдгээрийн харилцан хамаарал учир шалтгааныг олох эрэл хайгуул хийдгээрээ давуу талтай. Ингэж учрыг нь ойлгосон хүүхдүүд бие дааж өөрсдөө бүтээлч даалгавар хийхдээ түүртдэггүй.
Тухайлбал, энэ бол хосолсон хөдөлгүүрт буюу hybrid машиныг угсрахын тулд эхлээд батерейг өөрсдөө хийдэг юм. Хүүхдүүд батерей л гэж мэдэхээс биш яг юугаар хийдэг, хэдэн төрөл байдаг, цэнэглэдэг бас цэнэглэдэггүй нь юугаараа ялгаатай талаар ойлголт багатай. Иймээс эхлээд машинаа угсарч ажиллуулахын тулд давсны уусмал ашиглаж батерей хийнэ, хийснээ сайжруулахын тулд давсны орцыг тааруулах туршилт судалгаа хийнэ.
Давсны орцоороо ялгаатай уусмалууд бэлтгэж, хүчдэлийг хэмжин машинаа ажиллуулах туршилт хийдэг. Давсны оронд элсэн чихэр хүртэл хийж үзэн юу болохыг туршиж үзнэ. Багшийн удирдлага доор ажиллаж байгаа учраас ойлгохгүй зүйлээ багшаас асуудаг.
Байгалийн ухааны хичээлийн суурийг бага ангид нь сайн тавих хэрэгтэй
Хэдхэн жилийн өмнө МУИС-ийн физикийн ангийг нэг л оюутан төгссөн гэсэн харамсалтай мэдээ сонсож байв. Үүний цаана хүүхдүүд байгалийн ухааны хичээлд тааруу байгаа нь харагдана.
Байгалийн ухааны хичээл дунд ангиас ордог. Гол нь үүнээс өмнө буюу бага ангид байхад нь хүүхдэд эдгээр хичээлийн суурийг тавих нь маш чухал. Нэгэнт суурь ойлголттой хүүхэд физик, химийн хичээл хэцүү гэсэн айдасгүй болчихдог.
Дэлхийн улс орнууд хичээлийн хоцрогдлыг үүсгэхгүйн тулд бага ангиа нь steam боловсролыг чухалчилдаг.
Хэдий чинээ олон хүүхэд STEАM-д сонирхолтой болно, төдий чинээ нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэгдэнэ. Үүнийг судалгаагаар тогтоочихсон.
Шинэ үеийн хүүхдүүд ШИМТ+д дуртай
Технологи хөгжсөнөөр хүүхдүүдийн үзэж хардаг зүйлс шал өөр болчихлоо. Мэдлэг мэдээллийг өөрсдөө хайх чадвартай хүүхдүүд багш өнөө л уламжлалт аргаар заагаад байвал сонирхохгүй нь ойлгомжтой. Тиймээс л бид сургалтын арга барилаа өөрчилж хүүхдийн анхаарлыг татах элементийг сургалтын арга барилдаа оруулахгзй л бол хоцрогдоод байна л гэсэн үг.
Ажиглалтаар туршилт хийлгэснээр хүүхэд өөрөө өөртөө системтэй мэдлэг бий болгож байгаа юм. Нэг удаагийн хичээлээр тухайн хичээлийн агуулгаас хамаараад хоёр ч хичээл үзэх боломжтой.
STEAM-ийн сургалтад хамрагдсанаар хүүхдийн авьяасыг багаас нь нээж, цаашдын мэргэжил сонголтод нөлөөлөх боломжтой.
Манай хөтөлбөрийг авч хэрэгжүүлээсэй гэхээсээ илүү багш нарыг идэвх санаачилгатай байх чухал гэж бодож байна. Шинэ арга зүй, шинэ хэрэглэгдэхүүн, хүүхдүүдийн сонирхлыг татах юм юу байна вэ? Тэр бүхэнд идэвх санаачилгатай байвал хүүхдүүдийг хөгжүүлэх боломж үргэлж нээлттэй шүү дээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.