АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээлэл хийв.
Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.

АТГ нь Авлигын эсрэг хуулийн дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Ингэхдээ хуулийн дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээллэдэг билээ. Энэхүү “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд нийтдээ 62 байгууллагыг багтаажээ. Үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилласан гэв.

Төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр нь шударга байдлын үнэлгээний бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тэдгээрийг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. 

Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарсан байна. 

Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлжээ.

Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.


Монгол Улсад авлига их тархсан институцээр авч үзвэл:


1≠ 2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.

2≠ Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.

3≠ Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.

4≠ Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.

5≠Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.


Дээрхээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага 5-д эрэмбэлэгдсэн.

АТГ-аас тухайн  байгууллагын  ямар үйл  ажиллагаа,  эсхүл  аль  нэгжид  авлигын  эрсдэл байгааг  тодорхойлох, улмаар авлигаас   урьдчилан   сэргийлэх   үйл   ажиллагааг   төлөвлөн, зохион байгуулахдаа мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдүүлэх зорилгоор 20 төрийн байгууллагад авлигын эрсдлийн үнэлгээ хийж, тайланг хүлээлгэн өгчээ.

Судалгааны үр дүнд тодорхойлогдсон эрсдлүүдийг бууруулах чиглэлээр 2019 онд АТГ тухайн байгууллагуудтай нягт хамтран ажиллана гэв.