УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” гэх уран сайхны киног бүтээхээр болсноо өнөөдөр мэдээллээ.

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат уг бүтээлийн зохиолыг бичиж, ерөнхий продюссерээр ажиллах юм байна.

Тэрбээр "Ю.Цэдэнбал хэмээх түүхт хүн бидэнд эрүүлжин саруулжсан, иргэншиж соёлжсон, өсч үржсэн, боловсорч гэгээрсэн, хотжин хөгжсөн, сэргэн мандсан, даян дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсыг өвлүүлэн үлдээсэн байна. Ю.Цэдэнбал даргын болон түүний нөхдийн Монголоо гэж зүтгэсэн тэр үеийнхний сэтгэл зүтгэлийн үрээр бид өнөөдөр “Бүрэн эрхт, тусгаар тогтнолт ардчилсан Монгол Улсын иргэн нь би, эзэд нь бид юм” гэж ам бардам хэлэх эрхтэй, цээж дүүрэн бахархах омогшилтой үлдсэн" гэсэн юм.

Тус киноны зураг авалтын 30-40 хувь ОХУ-д явагдах аж.

Мөн уг кино багийнхан "Цэдэнбал" киноны дүрийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд театр урлагийн уран бүтээлч, чөлөөт уран бүтээлч, кино урлагийн ангийн оюутнуудыг бүртгэж байгаа аж.

“Хүмүүн” фильм хамтран өмнө нь "Долоон бурхан харвадаггүй", "Бүү март" зэрэг түүхэн хоёр кино бүтээсэн билээ.