Тусгай олимпын зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо дөрөвдэх өдрөө үргэлжилж байна

Тус наадмын нээлтээс гэрэл зургаар онцолж байна.

1. Тусгай олимпийн тугийг зохион байгуулагч улс өөрийн тугтайгаа зэрэгцүүлэн өргөдөг жамтай. Энэ бол ёслол хүндэтгэл дүүрэн үйл явдал юм.


2. Араб адуу дэлхийн хамгийн сайхан амьтан билээ. Арабчууд сайхан бүхнээ гайхуулж байна. Элсэн цөлийн нүүдэлчид, далайн ёроолоос сувд түүгчид, хожмын газрын тос эрхшээгч шэйхүүд, өнөөдрийн шилдэг технологи, хөгжлөөр түүчээлэгч гээд бүхий л арабыг эндээс мэдэж болох аж.


3. Монголд Тусгай олимпийн үзэл санаа дэлгэрснээс хойш олон арван аав ээжийн сэтгэлд гэрэл тусчээ. “Биднийг хүндэл” уриатай энэ удаагийн олимпод Монголоос 28 тамирчин долоон төрлөөр оролцож байна.


4. Эзэн орны баг хамгийн олон хүнтэй байлаа. Дүрэм ёсоор жагсаалын эхэнд Грекийн баг гарсан бол эзэн орон хамгийн сүүлд гардаг уламжлалтай. Тэднийг гарч ирэх үеэр үзэгчийн дуу чимээ дээд цэгтээ тулсан юм. Тамирчид явсаар Хааныхаа өмнө очин мэндчилэх үед цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ хөвсөлзөх шиг болов.


5. Хааны нэрээр нэрлэгдсэн Заяид спортын хотхоны цэнгэлдэх 44 мянган хүний суудалтай гэсэн албан бүртгэлтэй авч 55 мянган хүн өлхөн ордог аж. 


6. Нээлтийн арга хэмжээ хэзээ ч мартагдахааргүй боллоо. Олон супер одод ирж ая дууны тансаглалд умбуулав. Үзүүлбэрүүд онцгой байлаа. 190 орныг дуудаж гаргаж ирэх урт хугацаа байлаа. Гэхдээ агшин хором бүр уйдахааргүй, сэтгэл хөдөлгөм үдшийг өнгөрөөлөө.