МЕХИКО. /TASS/. Төв Америкийн орнуудаас ирсэн 338 цагаачийг Мексикийн өмнөд нутгийн Чьяпас мужид саатууллаа гэж тус улсын Ерөнхий прокурорын газар даваа гарагт “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

“Цагаачдын талаар мэдээлэл хүлээж авсныхаа дараа Ерөнхий прокурорын газрын ажилтнууд таван автобусыг зогсоож шалгахад Гондурас, Гватемал, Никарагуа, Сальвадор болон Куба улсаас ирсэн 181 хүн, 157 хүүхэд байсан” гэж мэдээлэлд дурдсан байна. Цагаачдыг хууль бусаар тээвэрлэсэн хэргээр 15 хүнийг баривчилжээ. Цагаачдын зорчиж явсан автобусууд албаны хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд хөдөө орон нутгийн шороон замаар явж байсан байна.

Үүнээс өмнө даваа гарагт мөн цагаачлалын албаны ажилтнууд болон цагдаа нар Төв Америкийн орнуудаас хууль бусаар ирсэн 200 орчим цагаачийг Чьяпас мужид саатуулжээ.

Гуравдугаар сарын сүүлчээр 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй цагаачдын цуваа Мексикийн Чьяпас мужаас АНУ-ын хилийг чиглэн хөдөлсөн юм. Уг цуваанд Гондурас, Сальвадор, Никарагуа, Гватемал, мөн Куба улсын иргэд нэгджээ. Жил бүр хэдэн мянган хүн Мексикээр дамжин АНУ-д очихыг оролддог байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг