“Ухаантай эмэгтэй бол тэвчээртэй” гэдэг үг байдаг. Эмэгтэй хүнийг мэргэн ухаантай эсэхийг эр нөхөр нь хэр “ая тух”-тай амьдарч буйгаар тодорхойлж болно. Нөхрийнхөө сайн сайхныг хамгийн түрүүнд тавьдаг, муухай ааш гаргадаггүй, үргэлж энхрий ялдам, эелдэг зөөлөн байдаг эмэгтэйг магтан дуулахаас өөр арга үгүй. 

Эр нөхөр, үр хүүхдүүд нь амжилттай явбал ухаант эмэгтэйн аз жаргал тэнд оршино. Гэхдээ үргэлж өөрийгөө золиослоно гэсэн үг биш. Юун түрүүнд ухаантай эмэгтэй бие даасан байдаг.


Амьдралын гол утга учир нь эрэгтэй хүн биш 

Мэдээж ухаантай эмэгтэйн амьдралд эрчүүд байсан, байх ч болно. Гэхдээ түүний хамаг амьдрал эрчүүдийг тойрон эргэлддэг гэсэн үг биш. Эсрэг хүйстэнтэй харьцах харилцаа чухал ч аз жаргал авч ирэх бусад олон зүйл байгааг ийм эмэгтэй мэддэг. Тэр өөрийн гэсэн сонирхдог зүйлс, хоббитой, найз нөхөд, ажил төрөлдөө мөн адил анхаарал тавьдаг. Тэр өөрийгөө үнэлж чаддаг ба “ханхүү”-гээ олсон цагт л жинхэнэ эмэгтэй хүн болно гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй. 


Өөрөө өөртөө шударга ханддаг 

Гашуун үнэн гэнэн хоосон мөрөөдлөөс илүү гэдгийг ухаантай эмэгтэй сайн мэддэг. Иймд өөрийгөө эсвэл хайртай эрэгтэйгээ өмөөрөх утгагүй шалтаг бодож олохыг хүсдэггүй. Хэрэв эрэгтэй хүн залгахгүй байвал түүнд таалагдаагүй гэсэн үг. Тэгээд л болоо. Эмээгийнх нь бие муудсан эсвэл шөнө 12 цагт гэнэт хуралтай болсон гэх зэрэг өөрийгөө өмөөрсөн үгнүүдэд тэр итгэхгүй. Ухаантай эмэгтэй өөртөө шударга хандаж чаддаг. 


Худал жүжиг тавьдаггүй 

Ухаантай эмэгтэй сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлдэг. Баярласан бол чин сэтгэлээсээ баярлана. Гунигтай байвал тэрийгээ нуудаггүй. Гэхдээ тэр болоогүй зүйлсийг болсон мэт төсөөлөн бодож, олон хүний дэргэд худал жүжиг тавихгүй. Хэрэв эрэгтэй хүний хажууд зовж байвал тэр хүн өөрт нь тохирохгүй гэдгийг ойлгодог. 


Хэрсүү, гярхай 

Хүнийг таньж чаддаг, худал ярьж байгааг шууд мэддэг тул түүнийг хуурах бараг боломжгүй. Тэр нээлттэй, хүнд нөхцөл байдалд бусдад тусламжийн гараа сунгадаг. Баяр хөөр тохиолдсон үед чин сэтгэлээсээ бусдын төлөө баярлаж чаддаг, атаархаг зангүй хүн. Ийм хүнтэй нөхөрлөхөд маш амар байдаг. 


Өөрийн гэсэн стильтэй 

Хоромхон хугацаанд тренд болох эд зүйлсэд шунадаггүй, тэр аль хэдийн өөрийн гэсэн стильтэй болсон. Тэр өөрт нь ямар хувцас зохидогийг мэддэг учир галзуу, солиотой туршилтууд хийдэггүй. Хүн бүхэнд таалагдах алба үгүй гэдгийг ухаантай эмэгтэй сайн мэддэг. Иймд үргэлж мэдрэмжтэй, цаг үе, нөхцөл байдалдаа тохируулан хувцасладаг. 


Зарчимч 

Заримдаа тохиролцож, зөвшилцөж, буулт хийх шаардлага амьдралд бишгүй гардагийг эмэгтэй хүн сайн мэднэ. Гэхдээ зарим тохиолдолд тэр зарчимдаа үнэнч байдаг. Ийм үед түүнийг яаж ч ятгаж, аргадаж, айлгасан бүтэхгүй.Мэдээж түүний үзэл бодол цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж магадгүй гэхдээ хэрхэн, яаж амьдрахаа тэр хэнээр ч заалгахгүй. 


Уучилж чаддаг      

Төгс хүн гэж байдаггүй. Хүн бүр алдаа гаргадаг. Чин сэтгэлээсээ гэмшиж байгаа хүнийг ухаантай эмэгтэй уучилж, гаргасан алдааг нь дахин дурсахгүй. 


Одоо үед амьдардаг 

Ухаантай эмэгтэй өнгөрсөн үеэс зөвхөн туршлага авч үлддэг юм. Тэр өнгөрсөн, баларсан алдаандаа гэмшиж, хэлээгүй үгс, хийгээгүй үйлдлүүдээ бодож шаналж суудаггүй. 


Өөрөө өөртэйгөө зохицож амьдардаг 

Тэр өөрийнхөө биеийг ойлгож, сонсож чаддаг. Маргааш өглөө нь ажилтай гэдгээ мэдсээр байж клубд шөнөжин зугаацаж явахгүй. Ухаантай эмэгтэй өөрийгөө хайрладаг. 


Эмэгтэй хүн хэвээрээ байдаг

Амьдралын хэцүү бэрхийг туулж туршлага, мэргэн ухаантай болсон ч тэр эмэгтэй хүн хэвээрээ үлдэнэ. Тэр цэцгэнд дуртай, найз охидуудтайгаа ярилцаж суух дуртай, амьдралд тохиолддог жижиг зүйлсэд хүртэл баярладаг, гунигтай кино үзэхээрээ уйлдаг гээд л тэр өөрийнхөөрөө байхаасаа ичдэггүй. Эмэгтэй хүн байгаагаараа л үзэсгэлэнтэй.

Ухаантай эмэгтэй байна гэдэг ямар нэгэн зан чанарыг өөртөө бүрдүүлэхийн нэр биш. Хүн бүрт өөрийн гэсэн зам, амьдралын зорилго байдаг. Иймд өөрийгөө хүлээн авч, өөрийн хүссэнээр амьдрах хэрэгтэй. Та өөрийгөө олж, хайрлаж чадсан цагт амьдралд тань урам хугарах, эргэлзээ, гомдол, атаа жөтөө гэсэн зүйлс байхгүй болно.