Монгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлэхээр болсон.  Мөн мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгон, олон улсын жишигт нийцүүлэх тухай зорилт дэвшүүлсэн юм.

Энэ ажлын хүрээнд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих "Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх" STDP/PG/534 туршилтын төслийг хэрэгжүүлэхээр болж байна.

Туршилтын төслийг Өвөрхангай аймгийн гурван суманд хэрэгжүүлэх бөгөөд нийт 170 мянган малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж, 2 махны үйлдвэртэй хамтран ажиллах юм.

2019 оны 1 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл үргэлжлэх төслийн явцад малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгон шинэчлэх, тэр дундаа мэдээлэл дамжуулах уншигч төхөөрөмжийг ашиглах, малын шилжилт хөдөлгөөнийг онлайнаар хянах зэрэг боломжийг бүрдүүлэх юм.

Орон нутагт ажиллаж буй бүртгэлийн мэргэжилтнүүдийг мэдээлэл дамжуулах бар код уншигч төхөөрөмжөөр хангах, мал бүртгэлжүүлэх үйл явцыг сайжруулахыг зорьж буй. Энэ талаар,

Францын Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан Эрик Рехбен:

"Нэгэнт бий болсон системийг шинэчилснээр үржлийн ажил шинэ шатанд гарах, малын ашиг шим, үүлдэр угсаа сайжрах, малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гарал үүслийг тодорхойлох, мөрдөн мөшгих, малын хулгайтай тэмцэх, илрүүлэх зэрэг олон үр дүн гарна"

ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн:

"Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагаагаа энэ чиглэлд хандуулж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр бид өмнөө тавьсан зорилтоо хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна" гэлээ