60 ДУГААР СУРГУУЛИЙН САЙН ТУРШЛАГА: Углааш сольдог болсноор хүүхдүүд оймсоо угаах, цэвэрч нямбай байх дадалтай болж байна

Нийслэлийн ЕБ-ын 60 дугаар сургууль 7 жилийн өмнөөс анги танхимдаа углааш өмсөх дадлыг хэвшүүлжээ.  Ингэснээр сурагчид тоос шороогүй цэвэрхэн орчинд суралцаж, цаашлаад амьсгалын замын халдварт өвчин буурсан гэх эерэг үр дүн гарсан байна. Түүнчлэн сурагчдын хувьд хөлд эвтэйхэн хөнгөн гуталтай хичээлдээ суухад тухтай байдаг гэдгийг хэлж байв.

60 дугаар сургуулийнханы хэвшүүлж буй дадалтай холбоотойгоор сургуулийн дунд ахлах ангийн менежер Я.Алтантунгалагтай ярилцлаа.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


Я.Алтантунгалаг: Углааш өмсөх нь хүүхдүүдэд оймсоо угаах, цэвэрч нямбай байх дадал суулгаж байна

Сурагчид маань өглөө орж ирээд үүдэнд  углааш, тавчикаа сольчихдог. Хариуцлагатай жижүүр, жижүүр багш, сургуулийн хамгаалагч нар хамт зогсдог учраас гутлаа мартсан сурагчдын нэрсийг бичиж аваад анги даасан багшид нь өгчихдөг. Ингээд багш нь анхааруулах, сануулга өгөх байдлаар бүгд хамтран ажилладаг. Мэдээж гуталгүй ирсэн гээд хүүхдийг хичээлд суулгахгүй байж болохгүй. Энэ тохиолдолд улавч өмсгөөд оруулдаг. Харин дараа өдрөөс нь мартаж болохгүй шүү гэдгийг маш сайн хэлж сануулдаг. 

Ингэснээр шороо тоос босохгүй, хар зураас гарахгүй цэвэрлэгээний ажилтан, үйлчлэгч нарын ачаалал ч буурсан. Манай сургуулийн багш, сурагчид долоо хоногт нэг удаа “Хөөсний баяр” хийж ангийнхаа харалдаа коридорын хана шалыг угааж цэвэрлэдэг. Харин бусад өдөр нь чийгтэй, хөнгөн цэвэрлэгээ хийхэд л хангалттай байдаг. 

Хэдийгээр жижигхэн дадал мэт харагдах боловч хүүхдүүд нэгнээсээ үлгэр дуурайлал авч адаглаад гэртээ хариад оймсоо угаах, цэвэрч нямбай байх, гутлынхаа улыг арчиж ангидаа орох соёлд суралцаж байна.  

ДЭМБ-ын 2023 оны тайланд дурдсанаар Монгол дахь 100 мянган хүн тутмын  428-д сүрьеэгийн халдвар илэрчээ. Бусад орны дундажтай харьцуулахад энэ нь гурав дахин өндөр үзүүлэлт юм. Мөн өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс(AQI) олон улсад зөвшөөрөгддөг хэмжээнээс 5–7 дахин их PM2.5 тоосонцортой байдаг байна. Харин эдгээр нь томуу, томуу төст өвчин, сүрьеэ тусах суурь шалтгаан болдог ажээ.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбалтай ярилцлаа.

О.Цэцэгбал: Хөлд эвтэйхэн гутал өмсөх нь хүүхдийн анхаарал төвлөрөл, сурлагын амжилтад хүртэл эергээр нөлөөлдөг

Боловсролын яамнаас ЕБ-ын сургуулиудын агаарын чанарыг харьцуулан шинжлэхэд гаднын гуталтайгаа ордог сургуулийн анги доторх агаарын бохирдол, тоосжилт  өндөр байгаа нь тогтоогдсон. 

Томуу, томуу төст өвчний нянгууд ханиах, найтаах үед агаарт хурдан тархдаг. Тиймээс гаднын гутлаар орж ирсэн тоос шороо, шүлс, цэр зэрэг нь ангид хуримтлагдаж, халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.

Тэр тусмаа сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг манай улсын хувьд дотор орчинд цэвэрхэн тавчик, углааш өмсөх нь нэн чухал. 

Нөгөөтээгүүр өвлийн улиралд -30 хэмд өмсөх зориулалттай гуталтай олон цагаар сууж хичээл хийхэд хөл хөлөрч, тухгүй болохоос гадна хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд хөлд эвтэйхэн гутал өмсөх нь хүүхдийг тухтай байлгахаас гадна анхаарал төвлөрөл, сурлагын амжилтад хүртэл эергээр нөлөөлдөг болох нь батлагдсан.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.