Энэ бол Т.Ихбаярынх гэдэг айлынх. Идэр есийн хүйтэн ид тачигнасан энэ өдрүүдэд эднийх даарч хөрөн, нүүрс хийж, үнс тортогтой холилдох зовлонгүй өвөлжсөөр хоёр жилийг үджээ. Таван ханатай гэртээ төвийн холболттой орон сууц шиг дулаахан орчин бүрдүүлчихсэн, хоол цайгаа цахилгаан зуухандаа хийж, хүүхдүүд нь хөл нүцгэн гүйлдэж тоглоцгоон товхийтэл амьдрах юм. Зуухгүй учраас жирийн монгол гэрийг бодвол цэлгэр уужуухан. Мэдээж энэ айлын гол шийдэл нь шалны халаалтын систем. Анх монгол гэрт зуухгүй амьдарна гэхээр төсөөлж чаддаггүй байсан тэд одоо усаа л зөөдгийг эс тооцвол орон сууцаас дутахааргүй тав тухтай амьдарч сууна.  

МОНГОЛ ГЭРТ ШАЛНЫ ХАЛААЛТ ТАВЬСАН ЗАЛУУСЫН ТҮҮХ

Хоёр жилийн өмнө хосууд таван ханатай гэрт тусдаа гарцгаажээ. Гэхдээ шууд л зуух пийшин болж үнс тортогтой холилдохыг хүсээгүй аж. Учир нь тэр үед том хүүхэд нь ой гарантай эхнэр нь хөл хүнд байсан хэрэг. Тиймээс хөл хүнд эхнэрээ даарч хөргөж түлээ нүүрс хийх том ажилд дарахгүйн тулд гэрийн эзэн шалны халаалт тавиулахаар шийджээ. Ингээд халаалтын шийдлийг хайж судлав. Эхнэр П.Алтантуяадаа энэ талаараа дуулгахад зуухгүй монгол гэрт амьдарна гэж үү гэж гайхаж эргэлзэн хүлээж авсан ч шалны халаалтыг сонгож тавиулахаар шийдсэн байна. Ингээд зуун айлын барилгын материалын дэлгүүрээс паркетан шал авахад 458 мянган төгрөг, халаалтын системд 580 мянган төгрөг зарцуулжээ. Шалны халаалтын компаниас асууж жирийн дундаж монгол гэрийг 15 мкв байхаар тооцож материалаа авсан байна. 

Халаалтаа хавар тавиулсан учраас зун намрын бороо шороотой өдрүүдэд хаяахан асаахад тав тухтай амар юм гэцгээж байсан ч ирэх өвөл нь “ид шид”-ийг нь утгаар нь мэдэрсэн дээ гэж тэд ярив. Өмнө нь галладаг байшинд амьдардаг байхдаа өдрийн гурав, үүрээр босч нэг удаа нүүрс хийдэг байж. Гэтэл халаалт тавиулсан цагаас хойш гаднаас даарч орж ирээд 30 хүрэхгүй минут орчим 50 орчим градус дээрээ асаахад нь дулаан болчихдог гэв. Нэгэнт гэр дулаан болчихвол хэмийг нь хэвийн дээр нь тохируулчихдаг.  Монгол гэрийн эсгий туургыг сайтар дулаалаад, хаяаг нь сайн маначихаад шалны халаалт тавиулчихсан байхад халууцахаас биш даарна гэж байдаггүй гэнэ.

Т.Ихбаярынх сардаа цахилгааны зардалд 50-60 мянган төгрөг зарцуулдаг. Шалны халаалтын зардал мөн хэрэглээний цахилгаан нийлээд тэр шүү дээ. Мэдээж үүнд нь төрөөс үзүүлж буй цахилгааны хөнгөлөлт орсон. Анх тэд өөрсдийн энэ туршлагаа олон нийтийн сүлжээнд хуваалцахад олон хүн эерэгээр хандаж зөвлөгөө авчээ. Харин цахилгааны төлбөр дээр “Ийм бага мөнгө гардаг гэж үү”, “Худлаа пост хийгээд” гэх зэргээр итгэж ядсан зурвас хүмүүсээс зөндөө иржээ. Бас гэрт нь очиж сонирхож үзсэн хүмүүс бий гэнэ.

Энэ талаар гэргий П.Алтантуяа нь  “Хүмүүс орж ирээд зуухгүй юм уу ямар сонин юм бэ, хамаагүй зайтай харагддаг юм байна гэдэг. Зуухгүй учраас бага насны хүүхдүүдтэй бидэнд түлэгдчихнэ, галд хүрчихнэ гэсэн санаа амар байдаг юм. Манай хүүхдүүд хөл нүцгэн л гүйлдэх дуртай. Гал түлэхгүй байна гэдэг цаг завыг хэмнэнэ, цэвэрхэн амьдарна гээд олон давуу талтай. Халаалт тавьсанаас хойш гал хөцтэй зууралдаж цаг заваа алдахаа больсон. Зарим хүмүүс биднээс асуугаад халаалтаа шийдчихсэн байдаг, нөгөө хэсэг нь ингэж шийдвэл аятайхан юм, түлээ нүүрстэй зууралдахгүй гэдэг ч тавиулаагүй л байдаг. Магадгүй анх миний бодсон шиг монгол гэрийг зуухгүй төсөөлж чадахгүй байгаа болов уу. Утааг багасгая гэвэл гэрийн хорооллын халаалтын асуудлыг нь эхлээд шийдэх нь чухал. Ганц хоёр айл утаагүй боллоо гээд шийдэгдэхгүй. Энэ тал дээр төр засаг боломжоороо дэмжээд хөнгөлөлттэй зээл өгөөд иргэдийг дэмжээд эхэлбэл хамтын хүчээр утаа буурна шүү дээ ” гэв. Цаашдаа ч тэд урт хугацааны байрны зээл авахаас илүүтэй хашаандаа тохилог орон сууц барих төлөвлөгөөтэй ажээ. Хэрэв халаалт, усны асуудал шийдчихвэл байрнаас ч илүү тохилог амьдарах боломж бий гэж залуу хосууд ярьж байна.

Нийслэлийн гэр хороолол агаарын бохирдлын 70 хувийг “үйлдвэрлэдэг” гэж ярьдаг ч энэ хосын жишээг харахад хүн бүхэн өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийчихвэл асуудлыг шийдэх гаргалгаа байгаа нь харагдана. Эднийх гэхэд нийслэлийн хамгийн их утаатай бүс буюу Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг. Агаарын чанарын албанаас дээд хязгаар буюу 4500-г зааж байгаа утааны хамгийн их голомттой бүсийн нэг. Ингэхээр нийслэл утааг зөвхөн салхинд найдаж эсвэл утаатай тэмцэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр хэдэн зуун тэрбум төгрөгийг салхинд хийсгэхээс илүү иргэд рүү чиглэсэн ногоон зээл буюу утаа гаргахгүй дулаан өвөлжихөд нь туслах халаалтын системтэй холбоотой ногоон зээлд хүч тавьбал илүү үр дүнд хүрэх нь харагдаж байгаа юм.