Энэтхэгийн нийслэл Нью Делигийн тансаг зэрэглэлийн “Max” эмнэлгийн Пульмонологи, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Прашант Саксена бол завгүй эр. “Утаа бол чимээгүй алуурчин. Ойрын жилүүдэд утааны үхлийн чанар өөрийгөө илчлэх болно” гэж ноён Прашант Аль Жазира агентлагт ярьжээ. 

Өнгөрсөн долоо хоногт зузаан утаа Шинэ Делиг хучсанаас хойш яаралтай тусламжид хандсан өвчтөний тоо 20-25 хувь, ирж эмчлүүлэгсэд 25 хувиар нэмэгдсэн гэв. Тэрбээр “Энэ нөхцөл байдлыг бид удирдаж, зохицуулах аргагүй. Эмнэлгийн ор, эм тариа, тоног төхөөрөмж хаанаа ч хүрэхээ больсон” хэмээлээ. 

Энэтхэгийн эрүүл мэндийн нийгэмлэгийн тэргүүлэх зэргийн эмч нар хүмүүсийг гэрээсээ гаралгүй байхыг сануулж, үндэсний эрүүл мэндийн түгшүүр зарласан. Учир нь энэ жилийн утаа сүүлийн хэдэн жилд байгаагүй хортой, их болжээ. Нью Дели хорт утаагаараа дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол харин эхний 10-т дээшилж, доошилсон хэлбэлзэлтэй байдаг. Делиг тойрсон мужуудад тариаланчид үр тариагаа түлдэг нь утааг бүр ч их нэмдэг гэнэ. 

Өнгөрсөн долоо хоногт зузаан утаа Шинэ Делиг хучсанаас хойш яаралтай тусламжид хандсан өвчтөний тоо 20-25 хувь, ирж эмчлүүлэгсэд 25 хувиар нэмэгдсэн гэв

Арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар PM2.5-ын хэмжээ 703 хүрсэн. PM гэдэг нь агаар дахь тоосонцор. 2.5 микрометрын хэмжээ бүхий тоосонцор нь хүний эрүүл мэндэд хамгийн их муугаар нөлөөлдөг гэж үздэг ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт 25 микро грам байдаг. Монголын стандарт 50 микро грам буюу түүнээс бага. PM2.5 хэрэв 25 микро грам ба үүнээс бага бол хэвийн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 

Үүнээс үзвэл Нью Делигийн PM2.5 хоргүй гэсэн хэмжээнээс 300 дахин их. Зөвшөөрсөн хэмжээнээс ихэдхээрээ энэхүү тоосонцор уушиг болон зүрхэнд нэвчиж өвчин үүсгэдэг. Яг одоо буюу арваннэгдүгээр сарын 13-ны 12.00 цагт Зүүн дөрвөн зам орчимд PM2.5 47 хүрчээ.

Шинжлэх ухааны The Lancet сэтгүүлд PM2.5 хэтэрснээс болж 2015 онд хагас сая энэтхэг хүн нас нөгчсөн гэж бичжээ. Энэтхэгийн улсын болон хувийн эмнэлгүүдэд уушигны архаг өвчтэй, астма, ужиг бронхити, хатгаа, нүд, хамар, арьсны харшилтай хүмүүс шил даран өдөржин дугаарладаг. Утаанаас болж онгоцны нислэгүүдийг цуцлах болсон. 

Улаанбаатарт ч ужиг бронхититэй хүн маш олон. Ханиадгүй байсан ч утаанд гарахад хуурай ханиалгах энгийн үзэгдэл билээ. Нью Делигийн Технологийн институтийн лабораторийн ажилтан, 55 настай Прасад “Max” эмнэлэгт үзүүлэхээр дугаарлах зуураа Аль Жазирад “Би зүгээр амьсгалж чаддаггүй. Байнга ханиалгаж, нүд хорсдог. Би бас астматай. Энэ утааг тэвчихийн арга алга. Ханиалгүйгээр гурван давхар луу алхаж чадахаа ч больсон” гэв. 

Үүнээс үзвэл Нью Делигийн PM2.5 хоргүй гэсэн хэмжээнээс 300 дахин их.

Энэхүү тансаг эмнэлгээс хэдхэн километрийн зайд байх ядуусын хороололд Рахуль Сингх амьдардаг. Тэр хэдий залуу хүн боловч Прасадтай ижил өвчтэй. 14 настай энэ хүү ужиг ханиадтай, багахан амьсгаадахаараа ханиадаг “Миний цээж хүн оргиж, маш их хүч гаргах амьсгалдаг. Би байнга ядардаг болсон” хэмээжээ. 

Эмч нар айл бүрийг агаар цэвэршүүлэгч гэртээ тавихыг захьдаг ч өндөр үнэтэй учир хүн бүр аваад байж чаддаггүй. Монголд гэхэд л Sharp, Panasonic брэндийн агаар цэвэршүүлэгч 390 мянгаас 1.3 сая төгрөгийн үнэтэй. Гэрээсээ битгий гар гэдэг ч цалинтай амралт байхгүй тул ажил хийж, хоногийн хоолоо залгуулахаас өөр аргагүй аж. Ингээд бодоход Энэтхэг, Монголын амжиргааны нөхцөл байдалд ялгаа ховор юм.