П.Мөнгөнсор
11 сарын 26, 2026
“Эр, эмийн асуудалд илжиг бүү жороол” гэсэн хэвшмэл ойлголт одоо ч бидний дунд байсаар байна. Бас хүүхдийнхээ төлөө, амьдралаа бүтэн авч үлдэхийн төлөө гэж хүчирхийллийг тэвчсээр амь насаа хүртэл алдсан харамсалтай түүх ч цөөнгүй. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн нийгмийн ажилтан З.Ундрахтай ярилцлаа.
“Хайртай хүнээсээ дарамт, шаналлыг мэдэрч байгаа л бол хүчирхийлэл гэдгийг ойлгоорой. Үүнийг хэзээ ч тэсэж тэвчиж бие, сэтгэл зүйгээрээ хохирч болохгүй” хэмээн онцлон хэлж байна.
–Хамгаалах байранд ирж буй эмэгтэйчүүд, хүүхдүүд ямар нөхцөлтэй ирдэг вэ?
– Манай дээр ирж байгаа хүмүүсийн ихэнх нь маш олон жил тэвчсэн, цөхөрч тэвчээр нь алдраад ирсэн хүмүүс байдаг. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг ганц алгадуулаад л ирсэн тохиолдол гараагүй.
10 жил бүр 20 жил тэвчсэн эмэгтэйчүүд ч ирдэг.
Зарим нь гэрийн шаахайтайгаа, хүүхдээ тэвэрчихсэн орж ирнэ. Гар утсаа ч авч чадалгүй амь тэмцэн гарч ирэх үе зөндөө. Тэр үедээ зөвхөн өнөө шөнө хүүхдээ хаана унтуулах вэ, нөхөр араас хүрээд ирэх вий гэдгээс л айдаг. Хэдийгээр зориг гаргаад гэрээсээ гараад ирсэн ч дотроо “Би зөв зүйл хийж байна уу, буруу зүйл хийж байна уу” гэсэн айдас, эргэлзээ түгшүүр дүүрэн яваа нь мэдрэгддэг.
Иймд бид тал бүрийн мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг цогцоор өгөхөөр ажиллаж байна.
Хүүхдүүдийн тухайд нөхцөл байдал бүр ч хүнд. Гэр бүлийн хэрүүл маргаан, хүчирхийлэлд бие сэтгэлээрээ туйлдаж хичээл сургуулиасаа завсардан, бүр дунд ангид орчихсон хэрнээ уншиж ч чадахгүй хүүхэдтэй таарч байлаа. Ихэнхдээ бусдад чичлүүлсээр өөртөө итгэх итгэлээ алдчихсан ирдэг. Ийм хүүхдэд зөвхөн ном, дэвтэр өгөөд л болчихдоггүй, өөрт нь “ Чи буруугүй, чи чадна” гэдгийг нь ойлгуулах олон талын мэргэжлийн цогц үйлчилгээ туслалцаа хамгийн их хэрэгтэй байдаг.
Бичлэг үзэх:
– Хүчирхийлэл гэхээр бие махбодын хүчирхийллийг л тооцох гээд байдаг буруу ойлголт байдаг шүү дээ…?
– Зарим хүн хүчирхийлэлд байгаагаа ч мэдэхгүй тэр нөхцөлдөө бараг дассан байдаг. Хэрвээ хүүхэд эцэг эхээсээ, эхнэр нөхрөөсөө айж амьдарч байвал тэнд ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдэгдэж байна гэдгийг л ойлгох нь чухал.
Зодох нь хүчирхийллийн зөвхөн нэг л хэлбэр. Хэрвээ та өдөр болгон “чи хэнд ч хэрэггүй”, “чамайг надаас өөр хэн ч тоохгүй” гэсэн үгсийг сонсдог бол ямар санагдах вэ. Эхлээд ямар ч хүн эсэргүүцнэ, яваандаа өөрөө ч үүндээ итгэчихдэг, бүр эвлэрдэг. Энэ бол сэтгэл санааны хүчирхийлэлд байгаагийн илрэл.
Мөн цалин орлогыг хурааж авах, хаашаа, юунд мөнгө зарцуулж байгааг нь хатуу шалгаж хянах, өөрийнхөө хэрэгцээнд юм авахын тулд гэр бүлийнхээ хүний зөвшөөрөл хүсдэг тохиолдлууд бий. Үүнийг эдийн засгийн хүчирхийлэл гэдэг.
Хосын харилцаанд ч хүсээгүй байхад нь албадах, татгалзсаны төлөө доромжлох, сүрдүүлэх нь бэлгийн хүчирхийлэл юм.
Хартай байна гэдэг хайртай байна гэсэн үг биш, үүнийг хатуу ойлгоосой гэж хүсдэг.
Чиний хаашаа явсан, хэнтэй уулзсан, хэдэн цагт ирснийг чинь заавал мэдэх гэж зүтгэж, утсыг чинь шалгаж, найз нөхдөөс чинь холдуулж байвал энэ бол хяналт юм шүү.

–Хүчирхийллийг тухайн хүн хүний эрхийг мэдлэггүй, мэдэхгүйдээ үйлдээд байна гэж байх уу?
– Хүчирхийлэл бол санамсаргүй үйлддэг зүйл биш. Хүч хэрэглэх үү, ярилцаж шийдэх үү гэдэг сонголт ямар ч хүнд байдаг юм. Жишээ нь архи уучхаад даргаа зоддоггүй мөртлөө гэртээ ирээд сул дорой эхнэр, хүүхдээ зодож нүддэг хүмүүс бий. Тэр хүн согтуу ч гэсэн хэнийг доромжилж, хэнийг айлгаж болохоо ялгаж салгаж мэдэж, хүчирхийллийг үйлдэж байна гэсэн үг.
Монголчууд бид тийм ч олуулаа биш шүү дээ.
Гэтэл 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд, 10 хүүхэд тутмын 1 нь багадаа ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй өртсөн байдаг.
Ураг төрлийн хүчирхийлэл гэж эмзэг, хүнд асуудал байдаг ч ихэнх нь дарагдаад өнгөрдөг. Үүнийг хэлнэ гэдэг хэр баргын хүнээс гарахгүй зориг шаарддаг үйлдэл учраас арайхийн зориг гаргаж байгаа хохирогчийг хэзээ ч бүү буруутгаарай.
– “Эр, эмийн асуудалд бүү оролц” гэсэн хандлага гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлэхэд хэр хор уршигтай вэ?
– Хөрш айлд хүүхэд уйлаад, хүн хашхираад байхад “өөрсдөө учраа олно биз” гээд өнгөрдөг хандлага байсаар байгаад маш их харамсдаг. Хэн нэгэн эмэгтэй зодуулснаа хэлэхэд “хүүхдийнхээ төлөө тэвч”, “айл гэрээ тараалаа” гэж буруутгадаг хандлагаа зогсоох цаг нь болсон. Үүнээс болоод хүчирхийлэл үйлдсэн хүн биш, хүчирхийлэлд өртсөн хүн ичдэг, эвгүй байдалд орж, буцаад л гэртээ очдог, хүчирхийлэлтэйгээ эвлэрч байна шүү дээ.
Хүчирхийлэлд өртсөн хүнээс “яагаад салаагүй юм”, “яагаад буцаад очсон юм” гэж бүү асуугаарай. Харин “чамд ямар тусламж хэрэгтэй вэ” гэж асуугаарай. Хөршийн чинь хаалганы цаана асуудал болж байвал цагдаа дуудах хэрэгтэй.
– Тусламж эрж явсан хүн яагаад сүүлдээ шантарч, буцаад явдаг вэ?
– Нэг байгууллагаас нөгөө рүү явуулдаг учраас. Цагдаа дээр очно, эмнэлэг орно, шүүх рүү явна, бичиг авна. Нэг газар нь “энэ бичиг хэрэгтэй” гэнэ. Нөгөө нь “хэрэг дуусаагүй учраас бичиг өгөхгүй” гэнэ.
Ингэхэд дунд нь хэн хохирч байна вэ гэхээр хүүхэд, эмэгтэй хоёр л хохирч байгаа.
Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувьд асуудал бүр хүнд. Эрүүл мэндийн үйлчилгээ яаралтай хэрэгтэй байхад нэг байгууллага нь нөгөөгийнхөө бичгийг хүлээдэг.
Давтан мэдүүлэг авч эмзэг асуудлаа олон удаа ярих бүр ч хүнд тусдаг. Арай гэж тайвширч байтал “маргааш дахиад ирж мэдүүлэг өг” гэсээр залхаадаг. Хүүхэд энэ процессоос болооп “би ахиж ярихгүй” гэдэг. Зарим нь бүр мэдүүлгээсээ буцдаг юм уу гэж байсан тохиолдол ч бий.
–Манайд хохирогч нь хүүхдүүдээ аваад гэрээсээ явдаг. Харин хүчирхийлэл үйлдсэн хүн гэртээ үлддэг буруу жижиг бий. Үүн дээр хэр эмзэглэдэг вэ?
– Хамгаалах байр аюулгүй газар. Гэхдээ тэр хүний орон гэр биш шүүдээ.
Өөрийнхөө гэрээс гараад, хүүхдүүдээ дагуулаад танихгүй орчинд очиж амьдарна гэдэг амар биш. Тэгэхээр цаашдаа “хохирогчийг хаана байрлуулах вэ” гэдгээс илүү “хүчирхийлэл үйлдсэн хүнд яаж хариуцлага тооцох вэ, хохирогчийг яаж гэрт нь аюулгүй үлдээх вэ” гэдгээ ярих ёстой.
– Хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд өөрөө хүчирхийлэгч болдог гэдэг ойлголт бий.
– Хүүхэд ямар гэр бүлд төрөхөө сонгоогүй. Тийм орчинд өссөн гээд урьдчилж “чи ийм хүн болно” гэж ярих нь дахиад л буруутгаж байгаа хэлбэр юм.
- Хүчирхийллийн тойргоос гарч чадахгүй болтлоо хүндрэхэд ямар зүйл нөлөөлдөг вэ?
– Асуудлын дунд нь ороод явахаар ихэнх нь “Салчихвал хүүхдүүдээ яах вэ, аав ээж маань шаналах байх, хүмүүс намайг юу гэх бол” гэсэн айдаст хүлүүлчихсэн байдаг. Хөндлөнгөөс харсан хүмүүс үүнийг хэзээ ч ойлгодоггүй. Ажилд ороод удаагүй залуухан байхдаа би хүртэл гайхаж байсан ч үе бий.
Тийм учраас л мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах маш чухал байдаг. Айдас байгаа л бол тэнд хайр биш хүчирхийлэл байгаа гэдгийг бүү хэлж ойлгуулах нь маш чухал.
– Энэ ярилцлагыг уншиж байгаа, хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай хүнд та юу гэж зөвлөх вэ?
– Юуны өмнө, энэ бүхэн таны буруу биш гэдгийг ойлгоорой. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Ганцаараа л бүх асуудлаа шийдэх гэж бүү оролдоорой.
Хүчирхийлэлд өртөж байгаа бол 107, 102, хүүхэд хамгааллын 108, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 9649 0505 дугаарт хандаж болно. Тусламж хүсэх нь сул дорой гэсэн үг биш. Өөрийгөө, хүүхдээ хамгаалах гэж хийж байгаа хамгийн зөв алхам.
бэлгийнхүчирхийлэл хүчирхийлэл жендэр16хоног хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.