УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох бөгөөд банк активаа энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулахаар тусгажээ.

Мөн Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болохоор, банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор үнэлгээ, сорил хийхэд шаардагдах зардлыг Монголбанк гаргах, түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох, банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлэх зэрэг анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн 7.1, 17.4 хэсгийн өөрчлөлт нь өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдаагүй зарим зүйл, хэсэг, заалтуудтай зөрчилдсөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн банкны хараат болон охин компанитай холбоотой зарим зүйл, хэсэг, заалтаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах гол заалтууд хуулийн төслөөс хасагдсан гэсэн мэдээлэл байна гээд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Одоо хэлэлцэж буй энэ хуулийн төсөл банкны ерөнхий зохицуулалтын суурь хууль. Энэ хууль зээлийн болоод хадгаламжийн хүүг бууруулах шууд зохицуулалтын хууль биш хэмээн тэрбээр тодруулаад, энэхүү суурь хууль сайжран батлагдсанаар банкны системийн ерөнхий эрсдэл буурч, ингэснээр зээлийн хүү, инфляцийн түвшинд нөлөөлж, дунд хугацаанд зээлийн хүү тогтвортой буурах боломж бүрдэнэ" хэмээн хариулсан.

Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.