Монсудраас 2013 онд хэвлэн гаргасан энэ ном одоо маш ховор номын тоонд орж байна. Манайд байгалийн эрдэс чулууны тухай ном цөөхөн бололтой юм. Чулуу сонирходог, цуглуулдаг хүмүүст олон талын цогц мэдээлэл, цэгцтэй мэдлэг олгох хэрэгтэй эд байна. Байгаль эхийн олон сая жилийн уран бүтээл болох эрдэнийн чулуу, эрдэс, чулуулгийн өнгөт зураг, тайлбар, чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг танилцуулж байгаагаараа онцлогтой юм.

Монголчууд эртнээс чулуун гоё чимэглэл хэрэглэж ирсэн уламжлалтай. Өнөө цагт ч энэ хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа ч байгалийн чулууг дуураймал хиймэл чулуунаас ялган таних нь хэцүү юмны нэг болсон. Орчин үеийн өндөр технологиор гадна талаас нь ялгахын аргагүй хийдэг гэнэ. Гэвч байгалийн чулуунд өөрийн давтагдашгүй шинж чанарууд бий. Чулууны өнгө, тунгалагийн чанар, гэрэл ойлгох, нэвтрүүлэх, цацруулах чадвар, хатуулаг, зураас гаргах гэх мэт.

Чулууг хатуулагаар нь 1-10 хүртэлх Мохын шатлалаар хэмждэг. Хүний хумсны хатуулаг 2,5 тул эхний нэг хоёр шатлалыг хумсаараа шалгаж болох юм байна. Хутга шилээр зурах, шил зүсэх гэх мэт энгийн аргууд байна. Гэвч наймаачин хүмүүс биднийг тэгж дураар дургиулахгүй шүү дээ. Үнэт чулуун эдлэл нь бат бөх чанартай олон жилийн эдэлгээ даах, үе дамжин өвлөгдөх үнэт өв болохоор сайн л үзэж харж авмаар юм байна. Өндөр үнэ төлчихөөд чулуу нэртэй хуурамч шил хуванцар худалдаж авбал хэцүү биз дээ.

"Чулуу бүхэн амьтай" гэж ярьдаг нь учиртай үг аж. Олон сая жил байгалийн хувиралд орж эрчим хүч энерги хуримтуулсан учраас тэр юм. Хиймэл чулуу гаднаасаа гоё ганган харагдавч үхмэл тул тийм амьд шинж чанар байхгүй. Манайхны хэрэглэх дуртай svarovski брэнд гэхэд ихэнх нь сайжруулсан шил байдаг гэсэн. Далайн шүр сувд, хув нэртэй тарималууд, шилээр хийсэн хужаа хөөрөгнүүд өндөр үнэтэй зарагдахыг нь яана. Чулууг лазераар буддаг, чулууны үйрмэгийг дахин боловсруулж чулуу хийх зэрэг олон янзын арга байдаг гэнэ. Хиймэл аргаар гаргаж авсан үнэт эрдэнийн чулууг эрдэс гэж үздэггүй гэнэ. Химийн шнж чанар найрлага байхгүй учраас.

Манайх төрөл бүрийн эрдэс чулуулгаар баялаг, урчууд дархчууд нь сайн боловч жинхэнэ байгалийн чулуун эдлэл өртөг өндөртэй тусдаг учраас гадны хямд хуурамч хулхи чулуунд үнэ цохиулан төдийлөн сайн хөгждөггүй юм байна гэж бодлоо. Чулуу цуглуулдаг, сонирхдог хүмүүс энэ бүхний учрыг сайн мэдэх байх. Чулуун эдлэл сонирходог хэн бүхэн бага ч атугай зүйл мэдээд л авах юм байна. Энэ номын зургуудыг харахаар л гоё чулуу цуглуулмаар санагдах юм. Чулуу сонирходог хүмүүс байвал санал бодлоо хуваалцаж шинэ мэдлэг мэдээлэл нэмээрэй.