Харүмафүжи Д.Бямбадорж “Макүчи” зиндааны сүмоч Таканоива А.Баасандоржийг зодсон гэх мэдээлэлд Монголын сүмо бөхийн холбоо мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Сүүлийн үед сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Үүнд олны танил зарим эрхэмүүд эдгээр бөхчүүдтэй холбоотой асуудлыг зориудаар дэвэргэж, сумо сонирхогчдыг болон олон нийтийг талцуулах, нэг талыг барьсан мэдээллийг цацаж байна.
Иймд манай хоёр бөхийн цаашдын амьдрал болон спортын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй элдэв буруу мэдээлэл, цуурхалаа зогсоохыг хүсч байна" гэжээ.

Тус холбооны ерөнхийлөгчөөр Кёкүшюзан Д.Батбаяр ажилладаг бөгөөд тэрбээр Япон улсад очиж уг асуудлаар хэд хэдэн хэвлэл, телевизэд ярилцлага өгөөд байна. Тэрбээр Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасан өнгө аястай ярилцлага өгсөнд Асашорюү Д.Дагвадорж эгдүүцэж "Японы ТВ ярилцлага өгсний төлөө мөнгө өгдөг юм бишүү. Нутаг нэгтнийхээ алдааг ярьж таван цаастай болж байгаа юм уу даа." хэмээн жиргэжээ. Мөн фэйсбүүк хуудастаа "Энэ одоо гуниг гашуудал царайлаад нэг л их шийддэг нөхөр! Хол явж холуур хуцаасай билээ! Энэ бид хоёрт Сүмогийн асуудал падлий ч байхгүй л дээ!" гэсэн байна.