Шведийн Нобелийн шагналын хорооноос манай улсын ШУА-д хүсэлт ирүүлжээ. Энэ бол энэ оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү гэсэн албан ёсны хүсэлт бүхий захидал иржээ. Захидлын дагуу Монголын зохиолчдын эвлэлийнхэн хуралдаж зохиолч Д.Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр болж бичиг сэлтийг илгээсэн байна. 

Тэрбээр өнгөрсөн онд Солонгосын Гванжу хотноо Азийн соёлын төв санаачлан зохион байгуулсан фестивалиас "Азийн уран зохиолын шагнал"-ын анхны эзнээр тодорсон билээ.

Мөн таван жилийн өмнө Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг “Дэлхийн нэг шүлгийн ном”-д түүний бүтээл шалгарч багтсан байдаг. “Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг ердөө 50 ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг ажээ. 

Дэлхийн нэг шүлгийн ном”-д хэвлэгдсэн “Инээд шиг хуучин амьдралд” шүлгийг хүргэж байна.

ИНЭЭД ШИГ ХУУЧИН ХҮНИЙ АМЬДРАЛД ...

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх!

Маргааш шиг ойрхон байх!

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх!

Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх!

Хайргүй хүндээ ч хайр шагнах

Харагдахгүй бурханы хутаг олох!

Мартагдахгүй гомдолоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх!

Гомдол шиг хуучин хүний амьдралд

Харагдахгүй бурхан шиг ил байх!

Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

Дахиад яасан ч тэвчихээргүй

Тэсрэмтгий байх!

Өчигдөрийнх шиг,

Уржигдарынх шиг,

Утгагүй тарчилгах удаан өдрөөс

Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

Тэрсүүд байх!

Тэнэг шүлэг бичихээр

Дахин төрөхгүй байх!

Инээд шиг хуучин ...

Нулимс шиг хуучин ...

Гомдол шиг хуучин ...,

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

“Байхгүй юм” шиг нь

Үргэлж шинэ байх!

“Байгаа” бүгдээс нь

Мөнхөд өөр байх!..