Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд зохион байгуулагдсан. Тус чуулганы үеэр  Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор (Ph.D) Ж.Галбадрахыг эх оронч үзэл, эх түүх, хэл, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх үйлсэд онцгой гавьяа, зүтгэл гаргасныг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ” дээд шагналаар шагналаа.

Гавьяат багш Ж.Галбадрах энэ үеэр "Эх орны төлөө" гэсэн энэ сайхан шагналыг цэргийн хүнд биш энгийн хүнд, тэр тусмаа багш хүнд олгож байгаад талархаж байна. Монгол улсын ирээдүй сайн багшийн гар дээр гэрэлтдэг гэдэг үг байдаг. Би залуу наснаасаа хөдөөгийн 10 жилийн сургуулиас эхэлж, ХААДС, Боловсролын хүрээлэн, 84 дүгээр сургуульд ажиллаж, хүч хөдөлмөрөө төрдөө зориулж ирсэн.

Миний бие Япон улсад магистр, докторт суралцаж ирээд "Ирээдүйд Монгол орныг нуруундаа үүрч явах 1000 торгон цэрэг төрүүлэх, өндөр боловсролтой, дэлхийн жишигт хүрсэн иргэдийг бэлтгэх” зорилгоор Шинэ Монгол сургуулиа 2000 онд үүсгэн байгуулсан. 

Тэрхүү сургуулиас Токио, Нагояа зэрэг их сургуульд доктор хамгаалсан, Харвардын их сургуульд постдоктор хамгаалсан, Фэйсбүүк компанид ахлах инженер, Саудын араб, Филиппинд метроны төсөл хариуцсан инженерүүд, Анд гловал, Сайнди компанийн захирлууд гээд олон торгон цэргүүд эхнээсээ төрөн гарч байна. Зөвхөн миний гарын үсгээр төгсөгчдөд маань тэтгэлэг олгодог Японы тэтгэлгийн сангууд, их, дээд сургуулиуд олон бий. Тэдгээр байгууллагаас өгсөн нийт тэтгэлгийн хэмжээ 40 тэрбумд хүрээд байгаа билээ. 

Миний бие тэтгэлэг олгох ажлаа зөвхөн Шинэ Монгол сургуулиар хязгаарлалгүй, хөдөө орон нутгийн санхүүгийн боломж муутай оюутнуудад эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын зээл олгох зорилгоор "Шинэ Монгол Мабүчи" тэтгэлгийн санг бас үүсгэн байгуулсан. Өнгөрсөн 9 жилд 21 аймгийн 316 оюутанд 3,9 тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгоод байна.

Би "Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос хамаардаг" гэдэгт хатуу итгэдэг нэгэн. Миний бие тэтгэвэртээ гарч "Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах" төслийг санаачлан эхлүүлж, 21 аймаг, нийслэлийн 68 сургуулийн 3500 гаруй багш, 70 гаруй мянган сурагчдад хүрч ажиллаж байна.

Миний төслийн нэг гол зүйл бол зүрх сэтгэлийн боловсрол юм. Эх орноо хайрлах, эх орноороо бахархах, эх орныхоо үнэ цэнийг мэдэхэд чиглэж байдаг.  Цэргийн хүмүүс эх орноо хамгаалдаг бол багш нар бид боловсролын салбараа хамгаалж, чанартай болгож, улс орноо хөгжүүлэх ёстой. Монгол орон удахгүй чанартай боловсролтой сургуулиудаар дүүрч, мандан бадарна гэдэгт би үргэлж итгэж явдаг" хэмээсэн юм.