Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 22, 2024
“Хөдөлмөрийн багш аавыгаа дагаж өдөр бүр ажил руу нь явдаг байлаа, багш нартай зэрэгцэж ороод орой харина. Сургуулийн булан тохой бүрд нь тоглож, сурагчдын шуугианд хөөрч гүйж явсан учраас сургуулиа төгсөхөд багшаас өөр мэргэжил санаанд ороогүй, одоо эргэж хараад ямар азаар багш болсон юм бэ гэж боддог” хэмээн даруухан инээмсэглэн ярих түүнийг Б.Шинэмаа гэдэг. Мэргэжлээрээ 20 гаруй жил тасралтгүй ажилласан ч хүсэл эрмэлзэл нь шинэ хэвээрээ яваа тэрбээр Баянхонгор аймгийн Гэгээн сумади цогцолбор сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Ажил мэргэжлийнхээ эзэн болж яваа түүнийг peak.mn сайт онцолж байна.
Хүмүүс худлаа л гэх байх гэхдээ…
Би өглөө босонгуутаа анги руугаа, өнөө хэдэн бор хүүхдүүд рүүгээ яардаг. Долоо хоног амарчихаар л сурагчдаа саначихдаг юм.
Яасан ажлын хэнээтэй юм, худлаа яриад л гэж мэднэ, зарим хүмүүс. Багш нарын л ойлгох мэдрэмж, багш мэргэжлийн хэнээ гэж энэ байх. Гэхдээ багш болсон анхны жилүүдэд үүнийг мэдрэх сөхөөгүй явлаа.Тухайн үеийн багшийн дээд сургуулийг төгсөнгүүтээ 46 хүүхэдтэй анги даан авч байв.
Арга эвийг нь олох гэж хэцүүдсэн, ангийн хаалганы цаана уйлах шахуу байдаг ч инээгээд л ордог сон. Ур чадварыг хүн ажлын байран дээр сурдаг. Хичээлээ заах гэхээр учраа олохгүй, амьжиргаанд нь авсан хэдэн төгрөг нь хүрэлцдэггүй тэр өдрүүдийн ард мэргэжилдээ дуртайдаа гарсан гэж боддог.
Би мэргэжилдээ хачин их дурласан хүн. Олон жил ажиллахад янз бүрийн ажлын санал ирэлгүй яах вэ, тэр бүрт нь татгалзаж л ирсэн. Би хүүхэдтэй ажиллахдаа, бага ангийн багшаар ажиллахдаа аз жаргалтай байдаг хүн, түүнийгээ ч хар залуугаасаа ойлгож таньж мэдсэндээ баярладаг.
47-уулаа буюу ангиараа дагаж шилжсэн түүх
Гэгээн сумади сургууль цэцэрлэгийн цогцолбор үүсгэн байгуулагдаад удаагүй байхад би өөрийнхөө сонголтоор эндээ ажиллахаар шийдсэн юм. Энд ирсэн түүх бүр сонин.
...Багш хүнд хүүхдүүдээ орхиод шинэ сургуульд шилжиж ирнэ гэдэг хамгийн хүнд шийдвэр байдгийг тэр хүртэл мэдээгүй.
Хэд хоног гарч орсон ч бодогдоод, хоолой дээр юм тээглэчихээд л…Бодсоны эцэст ангийн өнөөх шийдвэрээ эцэг эхчүүдэд палхийтэл хэлчихсэн. Багш болсноос хойш хамгийн түгшүүртэй хурал гэвэл тэр л байх. Гэтэл өмнөөс “Та хаашаа явна, бид тийшээ явна” гэж хэлэхийг сонсоод мэлмэрүүлсэн дээ. Бүгдийг нь тэвэрмээр санагддаг юм билээ, хүүхдүүддээ хоргодож байсан учраас. Тэр баярлах мэдрэмжийн хажуугаар би хүүхдүүдийнхээ төлөө цаашдаа улам ихээр хичээх ёстой юм байна. Хүний хүүхдийг муу сургах эрх надад байхгүй” гэж бодсон. Яг үнэндээ тэр мөч хүртэл би хувьдаа хичээж л яваа гэж андуурч явсан юм билээ. Багшийн хувьд насандаа мартахгүй ийм гоё дурсамжтай үлдсэн дээ.
Хотын та нарт 4-5 км газар ойрхон санагдах ч орон нутгийн бидэнд бүтэн ангийн хүүхдийг нааш цааш зөөнө гэдэг амаргүй даваа. Ингээд П.Адьяа захирал маань дэмжиж ангийн хүүхдүүдээ автобусаар зөөх шийдэл гаргасан. Харин хүүхдүүдийн маань хувьд автобусаар явна гэхээр хөл газар хүрэхгүй баярлацгаасан даа. Эхний өдрийн тэр их баяр хөөрийг юутай ч зүйрлэхээргүй. Автобус дүүрэн шуугиж ирээд шинэ анги танхимдаа бужигнаж орж ирээд гайхаж баярлаад л, үсэрч дэвхцээд л. Ингэж бид энэ сургуульд надтай нийлээд 48-уулаа ирсэн юм.
Би болоод л байгаа гэж өөртөө сэтгэл ханасан цагт багшийн хөгжил зогсдог
Багш аавтай хожмоо багш ханьтай болсон хүний хувьд багшийн ажлын цаг завгүй мэдэхийн ихээр мэднэ. Тэр тусмаа эмэгтэй хүн учраас амьдрал хойно хүүхэд, гэр бүл гээд түүртэх зүйл мундахгүй.
Тэглээ гээд сурахаа хойш тавиад, би болоод л байгаа гэж бодсон цагаас л багшийн хөгжил зогсдог гэж би боддог. Үүнийг сүрхийдээ биш алдсан оносон туршлагаасаа хараад л хэлж байгаа хэрэг. Өнгөрсөн хичээлийн шинэ жилээс хэрэгжиж эхэлсэн Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөлд хамрагдсанаас хойш багшийн хувьд өөрийгөө шинээр нээж байна.
Заримдаа зогсоод хийж байгаа ажлаа эргэж хараад сайжруулах үе ирдэг. Яг тэр үед энэ төсөл хэрэгжиж олон зүйлийг суралцаж явна. Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахын хэлдгээр судлагдахууны биш хүний багш болохын тулд мэдлэгээс гадна зүрх сэтгэлийн боловсролыг эрхэмлэхийн чухлыг мэдэрч л явна. Багш болсноос хойш олон төсөлд хамрагдсан ч ийм өгөөжтэй нь ховор.
Тайлан бичихдээ хүртэл зөвхөн хийсэн ажлынхаа жагсаалтыг биш хэмжигдэхүйц буюу үр дүнг тусгах ёстойг, хүүхэд бүрдээ, эцэг эх болгондоо хэрхэн тулж ажиллах ёстой талаар мэдлэгтэй болсон. Бүр баг дотроо хүртэл хэрхэн сайн багийн гишүүн байх вэ гэдэг дээр суралцаж байна. Манай багш нар сургалтад суух болгондоо бөөн эрч хүч, хүсэл эрмэлзэл дүүрэн гардаг.
Энэ арга технологи бол Шинэ монгол сургуулийн 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн шүү дээ.Тийм учраас бид шууд сонсоод л сургууль дээрээ нутагшуулах амаргүй. Алхам тутамдаа суралцаад л явж байна.
Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслөөс сургуулийн соёлыг дадуулах арга барил маш их таалагдсан. Бид хүүхдийг эрдэм номдоо л шамд гэж хичээлээр дардаг ч хүн байх, зөв хандлагатай байх суурийг орхигдуулаад яваа. Үүнийг л мэндлэх хүндлэхээс эхлээд чигч шударга байх, цаг баримтлах гээд олон дадлыг манай сургууль амжилттай хэрэгжүүлсэн.
Нөгөө талаас багш нарын үеийн системд хувааснаар олон зүйлд суралцаж байна. Биднийг зорин ирж сургалт орох үеэр олон ойлголтоо ч батжуулж авлаа. Багаар ажиллана гэдэг санаснаас өөр зүйл байсныг үр дүнд нь багш нарын ачаалал буурсан хэрнээ бүтээмж дээшилж байгаа нь илт мэдрэгдсэн. Яг үнэндээ менежмент гэдэг зүйлийг багшийн мэргэжилтэй хамаагүй юм шиг андуурч явсан гэдгээ ч ойлгосон. Нэгдмэл алсын хараатай, нээлттэй асуудлаа ярилцаж, хамтарч ажилладаг сургууль дотроосоо өөрчлөгдөж, тасралтгүй хөгждөг юм байна. Тэр хэрээрээ сурагчдын сурлага, хүмүүжил төлөвшилд эерэг өөрчлөлт бий болдог. Төслийн багийнханд талархал илэрхийлмээр байна.
Өдөр бүр шинэ багш байхын тулд...
Сургууль төгсөөд дөнгөж анхны ажилдаа орсон багш бүхнийг эхнээс эхэлж байгаа учраас юм бүгдийг сурах гэж хичээдэг шүү дээ. Би тэдний нэг, мэргэжлээрээ ажиллаж чамлахааргүй жил болсон ч хичээж суралцсаар явна. Нэр минь ч Шинэмаа гэдэг нь учиртай санагддаг.
Таны хүүхэд аль нэгэн багшийн өмнө хичээлээ ойлгохгүй бүлтэгнээд сууж байвал танд ямар санагдах вэ? Багш нар баг болоод ярилцаад ойлгоогүй зүйлийг нь хэлээд өгвөл хүүхдийн харц тэр дороо л гэрэлтэж сэргээд ирдэг. Ийм учраас л багш хүн сурагчдаа яг л өөрийнхөө хүүхэд шиг хандаж хамгийн гол нь ярилцаж, сонсож байх ёстой гэж боддог.
Өглөө анги руу ороход над руу харж байгаа тэр харц бүр жаргалтай байдаггүй л байхгүй юу. Түүнийг л олж хараад ярилцах юмсан, ойлгох юмсан гэж гэж хичээдэг.
Зарим нь гундуухан орж ирдэг. Хүүхэд хойно мэдрэмжээ хуваалцана, би түүнийг нь ойлгож сонсохыг хичээдэг. Бяцхан биедээ ахадсан ачааг үүрч яваа хүүхэд ч олон. Хүүхэд биеэр л жижиг болохоос бяцхан зүрх тархиараа бүхнийг ойлгож мэдэрч, дотроо шаналж явдаг гэдгийг томчууд ойлгоосой гэж хүсдэг.
Ээж аавууд минь үр хүүхдээ эрдэм номдоо шамд хичээ гэж хэлэхээсээ өмнө ярилцаарай, зав зай гаргаад тоглож байгаарай. Хүүхэд байх нас дэндүү богинохон учраас өнөө маргаашийн асуудлаа хойш тавиад хамт байх нь хожмоо насан туршдаа ярих дурсамж болж үлддэг юм шүү. Энэ бол хүүхдүүдийн минь хүсэл. Бас үглэх биш үлгэрлэж хүмүүжүүлээрэй, зөв хандлагатай хүүхэд аандаа сурчихдаг, энэ бол багш миний захиас юм шүү.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.41.93.231] ・ 2024.02.23 Хариулах
❤️Ёстой хөөрхөн багш байна.
Зочин [66.181.180.93] ・ 2024.02.23 Хариулах
Дүү минь, ????мундаг багш юм????, үнэхээр бахархав????
Зочин [66.181.177.93] ・ 2024.02.23 Хариулах
Мундаг шүү та минь♥️
Зочин [202.9.46.190] ・ 2024.02.23 Хариулах
Ажлын амжилт хүсье
Зочин [202.5.206.132] ・ 2024.02.22 Хариулах
Нийтлэлийг уншаад маш их баярлалаа.
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
Холбоотой мэдээ
Нийгэм
Ж.Галбадрах: Шилдэг хүүхдүүд багш болдог нөхцөлийг бүрдүүлэх нь хөгжлийн гарц
Тогтохбаярын Ариунзаяа ・ 09 сарын 17, 2024
Чанартай боловсролыг дэмжих
С.Гандэлгэр: Сэтгэл зүйгээ бэлдэж чадсан хүүхэд идэвхитэй, амжилттай сурдаг
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 08 сарын 29, 2024
Нийгэм
Эхийг ойлгож унших, тайлбарлах чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 08 сарын 23, 2024
Нийгэм
Яагаад гэвэл, хичээл зүтгэл хэзээ ч чамаас урвахгүй
Л.Дэлгэрмаа ・ 09 сарын 02, 2023
Ярилцлага
Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 10 сарын 07, 2024
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.