Дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй

Герман хүүхдүүд зургаан настайдаа ЕБС-д элсэн ордог. Хичээлийн цагийг голдуу үдийн хоолны өмнө дуусахаар зохицуулсан байдаг. Хичээл тарсан ч сурагчид сургууль дээрээ үлдэж номын санд суух, дугуйланд хамрагдах, даалгавраа хийх боломжийг бүрдүүлж өгдөг ажээ. 

Ихэнх улс орнуудын боловсролын системд сурагчдад дүрэмт хувцас өмсгөх бичигдээгүй хууль үйлчилдэг. Сонирхолтой нь Германы сургуулиуд хүүхдүүдийг дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй. Сурагчид нь биед эвтэйхэн хувцас өмсөж хичээлдээ явдаг. Цөөхөн хэдхэн хувийн сургуульд л дүрэмт хувцас өмсгөх дотоод дүрэмтэй.


Хүүхэд бэлгийн боловсролыг өөрөө бие даан судлах нь илүү үр дүнтэй

Бэлгийн боловсрол бас бусад ойлгохыг хүсдэг олон асуудал өсвөр насныханд бий. Энэ тохиолдолд эцэг эхтэйгээ ярилцаж зөвлөгөө авдаг. Мөн Германы сургууль бүрд сэтгэл зүйч нар ажиллаж тухайн асуудалд зөвлөгөө өгч үйлчилнэ.

Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр хүүхдүүдэд мэдээлэл авах боломжийг бүрэн хангадаг. Тухайлбал номын сангийн хүүхдийн уншлагын хэсэгт тусгайлсан бие махбод, хайр сэтгэл сэтгэл хөдлөл зэрэг төрөл бүрийн сэдвээрх ном, гарын авлагын хэсэгтэй.

Энэ нь хүүхэд аливаа асуудлыг шууд хэн нэгний зөвлөгөө тусламжтайгаар биш ном сэтгүүл уншиж судлан танин мэдэх нь илүү үр дүнтэй арга гэж үздэгтэй нь холбоотой ажээ.

Магадгүй хүүхэд номоос хариултаа авч чадаагүй бол Profamilia хэмээх зөвлөгөө өгөх төвтэй шууд холбоо барьж болдог. Энэ төвийн салбар 30 гаруй хотод бий. Зөвлөгөөг мэйлээр, зурвасаар эсвэл бүр нүүр тулан уулзаж өгдөг.

Зөвлөгөө өгөх баг нь хүүхэд залуучуудад бэлгийн амьдрал, бие махбодь, хайр дурлалын зэрэг сэдэв тус бүрээр ярилцаж мэдлэг, мэдээлэл өгөхөд тусгайлан бэлтгэгдсэн байдаг.

Эсвэл www.sextra.de сайтаар зочилж өөрт тохиолдсон асуудлынхаа талаар зөвлөгөө, мэдээллээ авах бүрэн боломжтой. Үе тэнгийнхэн нь хэрхэн зөвлөгөө авч, асуулт асуусан хэсгийг ч харж, хариултыг уншиж болно.



Гэрийн даалгаврын цагийг хүртэл нарийвчлан заадаг ч...

Германы цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол сонирхолтой тогтолцоотой. Герман хүүхэд сургуульд орохоосоо өмнө заавал сургуулийн өмнөх боловрол  буюу цэцэрлэгт суралцсан байх албагүй.

Эсвэл сургуулийн өмнөх боловсрол шаардагддаггүй гэдгийг та мэдэх үү? Зургаан нас хүртэл хүүхдүүд цэцэрлэгт явахын оронд хууль ёсны дагуу эцэг эхтэйгээ гэртээ хүмүүжих эсвэл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж болдог байна.

Харин сургуулиудын зохион байгуулалтын хувьд Герман дахь бага сургуулийг Grundschule гэж нэрлэдэг бөгөөд хичээл, сургалт нь манай улстай ижил 9 -р сарын эхээр эхэлдэг. Хүүхдүүд 6 -аас 10 нас хүртэл дөрвөн жилийн турш анхан шатны түвшинд суралцдаг байна. 

Чингэхдээ тус улсад боловсролын зардал нь хүүхдийн боловсролд хориглох хүчин зүйл байж болохгүй хэмээн захиргаа, боловсролын сайд нар нь үзэн бүх суралцагчдад үнэ төлбөргүй сургалт явуулдаг байна.

Сурагчид долоо хоног бүр 20-30 цагийн хичээл судалдаг. Германд гэрийн даалгаврыг маш чухал гэж үздэг түүнийгээ дагаад сурагчдыгаа тухайн даалгаврыг дуусгах, шаардлагатай бол нэмэлт тусламж, дэмжлэг авах зэрэгт хангалттай цаг хугацааг олгодог байна. 

Бага сургуульд байхдаа ч сурагчид өдөр бүр дор хаяж хагас цаг гэрийн даалгаварт цаг зарцуулдаг. Гэрийн даалгавар гэдэг үгийг Германаар Hausaufgaben (Хаусауфгабен) гэдэг. 

Германд сурагчид гэрээр хичээллэх нь хууль бус байдаг байна. Сурагчид 6-15 насны хооронд сургуульд заавал хамрагдах ёстой аж.


Герман багш 10 сая төгрөгтэй дүйх еврогийн цалинтай

Германы боловсролын стандарт маш өндөр, сургуулийн систем нягт нямбай гэдгээрээ алдартай. Энэ нь Герман хүүхдүүд чанартай боловсрол эзэмшихэд нөлөөлдөг.

OECD/PISA -ийн 2015 оны судалгаагаар Герман сурагчид математик, шинжлэх ухааны мэдлэгээрээ 16, судалгааны чиглэлээр 11 дүгээр байрт орсон нь нэлээн өндөр үзүүлэлт юм.

Германд багш нар дунджаар сард 2.830 /есөн сая 500 мянган төгрөг/ еврогийн цалинтай. Тухайн багшийн туршлага, ур чадвар зэргээс шалтгаалан цалин нь өсөж, өөрчлөгдөж байдаг.

Германд сургуулиудыг төвлөрсөн байдлаар зохион байгуулдаггүй. Өөрөөр хэлбэл боловсрол хариуцсан яам нь холбооны муж бүрт байдаг.  Муж тус бүр хичээлийн төрөл, сургалтын хөтөлбөр, мэргэшил зэргийн бодлогоо зохицуулна. 


Германы боловсрол бодлого нь  мэргэжил эзэмшүүлэхдээ доорх бодлогыг баримталдаг.

1. Боловсрол нэн тэргүүнд байх ёстой.

2. Хүүхэд бүр аль ч чиглэлээр суралцахад сурч боловсрох хамгийн сайн нөхцөл бүрдүүлсэн байх ёстой.

3. Хүн бүр ямар нэгэн мэргэжил сонгож, тодорхой ур чадварыг стандартын дагуу эзэмшиж мэргэжлийн гэрчилгээ авах ёстой.

4. Хүн бүр цаашид боловсролын түвшингээ ахиулан суралцах боломжтой байх ёстой.

5.Хүн бүр суралцагч байх ёстой.

6. Герман хүн шинжлэх ухаан, технологийн мэдлэгт дурлан тэмүүлэгч байх ёстой.

7. Боловсролын системийн давуу талд суурилан суралцах, өсөж хөгжих сэтгэлгээтэй байх ёстой.