Б.Номинчимэд: Байгаа үед нь утга учир, үнэ цэнийг нь ухаардаггүй зүйл бол эх орон, тусгаар тогтнол

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд сэтгүүлч, зохиолч, МСНЭ-ийн гишүүн Б.Номинчимэдтэй тусгаар тогтнол хэмээх сэдвээр ярилцсанаа хүргэж байна.

Баяр наадмын энэ өдрүүдэд бид гоё ганган дээл хувцасаа өмсөж, эрийн гурван наадмаа үзэж, өв соёл, зан заншил, ёс  уламжлалаараа бахархаж, монгол хэмээх ондоошлоороо бахархаж баярладаг.  Наадмаа үзэж баярладаггүй монгол хүн гэж үгүй. Үүний цаана туурга тусгаар улс үндэстний бахархал омогшил юм.

Дэлхий дээр өөрийн гэсэн улс оронгүй үндэстэн олон бий. Зарим нь өнөөдөр ч байнгын тэмцэл самууны хөлд амьдарсаар байна. Тэдэнд эх улс эх орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэл, хүсэл эрмэлзэл нь байгаа ч хөгжүүлэх улс алга. Бидний сайн мэдэх уйгур, курд гээд олон үндэстний жишээнээс бид үүнийг харж болно. Дэлхийн хаана ч байсан ч зориод очдог эх оронтой байх шиг сайхан зүйл үгүй. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ.

Өдөр болгон харагдаж мэдрэгддэггүй учраас бид төдийлэн эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, утга учрыг нь ухаардаггүй юм шиг санагддаг. Надад үүнийг ойлгуулсан үйл явдал тохиолдсоныг хуваалцъя.

Бичлэг үзэх:

 

2007 онд Индианагийн их сургуульд орох санаатай TOEFL-ийн шалгалтад орлоо. Надтай хамт Даши гээд зүс таних залуу хамт шалгалт өгсөн юм. 

Миний үеийн хүрэн, улаан залуу байсан л даа.  

Даши бол Төвөдөөс улс төрийн шалтгаанаар гараад Америкт дүрвэж очсон залуу. Өмнө нь нэлээн хэд таарч байсан мэнд усаа мэдэлцдэг хоёр л доо бид. Шалгалтаас өмнө аль орноос ирснээ тэмдэглэдэг учиртай. Самбар дээр 200 гаруй орны нэр бүхий хүснэгт гаргасан байв. Би М үсэг дээрээс Монголоо олоод бөглөчихлөө. 

Гэтэл Даши “Багш аа, би улсынхаа кодыг олохгүй байна” гэв. Багш ч бас хамжиж хайсны эцэст, дараа нь сургалтын алба руу ярих шиг боллоо.  Ямар хариу хэлсэн гээч

Дашид, “Энэ дэлхий дээр Төвөд гэж улс байхгүй юм байна. Та БНХАУ-ын кодыг бичнэ” гэж хэлэв. 

Ард нь сууж байсан болохоор би царайг нь хараагүй. Хариуг нь хэлсэн багшийн царайнаас түүнийг ямар хүнд байдалд орсныг ойлгосон. Даши хэсэг хөдөлгөөнгүй сууж байгаад хар цагаан үггүй гараад явчихаж билээ.

Сүүлд нь бодох нь ээ тийм гүн сэтгэлзүйн хүнд цохилтод орсон хүн шалгалт өгөх чадамжгүй байх нь аргагүй.  Дашийн хувьд Төвд гэдэг улс нь оршсоор, зүрх сэтгэлд нь тусгаар тогтносон, эртний их соёл түүхтэй, буддын шашинтай улс нь оршин тогтносоор яваа хэрэг.

Гэтэл Төвд гэдэг улс дэлхий дээр байхгүй гэдэг хариу аваад хэр хүнд туссан нь мэдээж.

Тусгаар тогтнол гэдэг зүйл хүний зүрх сэтгэлд ямар том орон зайг эзэлдгийг иймэрхүү явдлаас олж харж, мэдэрч, эргэж харж, сэхээрдэг юм билээ. 


Тэр хүртэл би ч ийм нарийн анзаарч мэдрээгүй л явжээ.

Тухайн улс орны хөгжил ямар эсэх нь чухал биш. Ямар ч байсан сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь  гэдэг шиг бид тусгаар улстай, тусгаар улсын иргэн байна гэдэг юутай зүйрлэшгүй үнэт зүйл юм. 

Тусгаар Монгол Улсаа хөгжүүлэх эсэх асуудал нь Эзэн Чингис хааны үр хойчис бидний мэдэх хэрэг.  

Дэлхийн аль оронд очсон  “Би монгол хүн” гэж цээж тэнэгэр, итгэл төгс, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хэлж чадах тэр итгэл үнэмшлийн төлөө бид амьдрах, хичээх ёстой юм.

Өөрөөр хэлбэл тэр нь зөвхөн түүх, өв соёл уламжлал төдий бус хөгжсөн монгол орон, дэлхий олон улс үндэстнүүдийн хувьд бахархал болсон Монгол Улс байж бид дүүрэн итгэл үнэмшилтэй болно. Түүний төлөөх бид явах ёстой юм билээ.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.