Орчин цагийн боловсролын системийн хамгийн гол зорилго нь өмнөх үеийнх шиг хэрэглэгддэггүй мэдлэг олгох бус харин хүн өөрөө мэдлэгийг бүтээж, чадвараа хөгжүүлэхэд чиглэхэд оршино.

Олон жилийн турш хэн нь илүү сайн цээжилснийг шалгадаг, цээжилсэн л байвал онц дүн авч явсаар ажил дээр гарахад олж авсан мэдлэгээ ашиглаж чаддаггүй, цээжилсэн болгон нь амьдралд нь хэрэг болдоггүй, хэрэгтэй хэрэггүй олон математик, физик, химийн томьёонууд нь ажил амьдралд нь хэрэг болох нь цөөн хүмүүсийг бэлдэж байсан. Бидний энэ боловсролын систем шинэ цаг үеийн цахим нийгмийн шүүлтэд унах нь тодорхой. 

100 жилийн өмнө тоо сайн боддог хүмүүсийг их сургуулиуд болон судалгааны байгууллагууд "тоочин" буюу компьютерын мэргэжлээр ажиллуулдаг байсан аж. Гэвч одоо тэдний ажлын байр нэгэнт дэлхий даяар байхгүй болж, хоосон зайг нь бидний мэдэх КОМПЬЮТЕР нөхөх болжээ.

Одоо үед 100 жилийн өмнөхөөс ч илүү олон ажлын байр байхгүй болох нөхцөл бий болоод байна. Энэ хувьсал нь “УРИА ЛООЗОН, ҮЙМЭЭН, ХӨДӨЛГӨӨН”-гүй бөгөөд чимээгүйгээр хурдацтай, хаа сайгүй өрнөж байгаа нь нэгэнт тодорхой харагдана.

Жишээ нь, дэлхийн хөгжилтэй орнуудыг ажихад кассчингүй дэлгүүр, түгээгчгүй бензин колонк, автомат худалдагч бүхий түргэн хоолны газар, тэр ч байтугай Дубайд жолоочгүй таксиг сурталчилж байна. Энэ мэт хиймэл оюун ухаан хүмүүсийн ажлын байрыг булааж буй баримт бишгүй олон. Автоматжилт үүгээр дууссангүй. Хэрвээ та өөрийн гар утсаа гаргаад хайх хэсэг рүү орох юм бол таны гар утасны төрлөөс хамаарч, орчин үеийн цахим хувьслын гол цөм болж буй хиймэл оюун ухааны ердөө жижигхэн төлөөлөгчид "Сири", "Google" хоёр хайлтын аль нэг нь "Танд юугаар туслах вэ?" хэмээн асуух нь энэ хувьслын шинэ үе шат юм. Тэднээс гадна үй олон хиймэл оюун ухаан хялбар тооцоо болон шинжилгээн дээр суурилдаг ажлын байрыг хүнээс булаахаар бэлдэн буй.


Энэ хувьсал дунд futurist (футурист) буюу ирээдүйг таамаглагчид дэлхийн ирээдүйг таамаглан дараах таамгуудыг гаргажээ. 

1. Биеийн хөдөлмөрийн ажлыг роботууд илүү их хийх болно.

2. Үүнээс болж ажилгүйдэл их хэмжээгээр нэмэгдэнэ.

3. Бүтээлч ажлын байрны эрэлт нэмэгдэнэ.

4. Нарийн ухаан шаардсан ажлын байр бол бараг нөлөөнд нь орохгүй харин тэдний ажил улам хялбар болно.

Тиймээс бид үргэлжлүүлэн оюуны ажил хийх сурагчид, биеийн хүч шаардахгүй ч ухаан ч бас шаарддаггүй ажил хийх сурагчид, биеийн хүчний ажил хийн амьдрах сурагчид хэмээх 3 хэсэгт хуваан бэлтгэдэг боловсон хүчний тогтолцоог үргэлжлүүлэн авч явах аваас боловсролтой хүмүүс ажлын байран дээрээ роботод гологдох өдөр ирэх нь дамжиггүй. 

Үйлдвэрлэлийн хувьсгалын анхан үед ажлаа алдсандаа уурссан гар ажилчид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж эвдсэн хэрэг Англид гарсан байдаг.

Энэ бүх үймээн намжиж, Англи улсын нийгэм үйлдвэрлэлд бүрэн нэвтрэх хүртэл дахин хоёр зуун шаардагдсан аж. Учир нь энэ үймээний дараа төхөөрөмжид шахагдан ажилгүй болсон гар үйлдвэрлэл эрхлэгчид болон тариачид коммунизмыг ихээр дэмжиж эхэлсэн нь өөр асуудал болсон түүхтэй.

 Бүх хүн математикч болохгүй ч бүх хүн ээж, аав болно хэмээх үгийг манай улсад хэнээс ч сонсож болно. Гэвч хамгийн чухал зүйлийг мартдаг нь "Хүүхдээ тэжээх мэргэжил (арга ухаан ч байж болно) бүх хүнд хэрэгтэй" гэдэг юм. 

Энэ цаг үеийн бүх хүүхдийг ирээдүйд мэргэжилтэй болгохын тулд бид одооноос эхлэн өөрчлөлтөд бэлдэх хэрэгтэй. Хэрэв бид тэгж чадах аваас 300 жилийн өмнөх шиг нийгмийн үймээнгүйгээр энэ өөрчлөлтөд зохицон үлдэж чадна. 


Үүний тулд:

1. Сурагчдад багаас нь бидний амьдарч буй нийгэм өөрчлөгдөж буйг таниулах хэрэгтэй

2. Хэрэггүй цээжлүүлэхээс илүү тэдэнд хэрэгтэй мэдээллээ хаанаас олж болох, хэрхэн ашиглахыг заах хэрэгтэй

3. Сурагч болгоны хувийн авьяасыг нээн олох хэрэгтэй

4. Тэдэнд үндсэн хичээлүүдээс гадна таарсан хичээлийг оруулж, аль болох хөгжүүлэх хэрэгтэй

5. Боловсролын тогтолцооны гол зорилго бол 99 хичээлдээ муу байж болох ч 1 хичээлдээ сайн сурагчийн сайн хичээлийг нь ашиглаж хөгжүүлэн, ирээдүйд өөрийгөө авч явах боловсролыг олгох явдал юм. 

Мөн хүний адгууснаас ялгарах хамгийн том ялгаа болсон оюун ухаанаа ашиглах боломжийг тэдэнд олгосноор нийгэмд хүн төрхтэй адгуусны хувиар биш ухаант хүмүүний хувиар амьдрах боломж олгох нь боловсролын өөр нэгэн зорилго билээ. 

Тиймээс сурагчдын давуу талыг нь хөгжүүлж, өдөр өдрөөр асар хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд тэд ажилгүйдэлд автан халамжийн мөнгөөр голоо зогоох биш өөрийн давуу талаар эзэмшсэн мэргэжлээ ашиглан өөрөө амьдарч чадах бодит чадварт хүн болгох хэрэгтэй.