Цэдэнбалын Цэрэндолгор
05 сарын 07, 2018
Өнөөдөр ШУА-ийн санаачилгаар “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал боллоо. Энэ үеэр МУБИС-ийн зөвлөх багш, Доктор, Профессор, Академич Б.Жадамбаатай 21 дүгээр зууны боловсрол сэдвээр ярилцсан юм.
-Ирээдүйд боловсрол ямар болж өөрчлөгдөх вэ?
-Зарим ажил олгогчид ажилтнууд ажлын байрандаа гологддог, боловсролын чанар тааруу байна гэдэг. Боловсролын зорилго бол тэр бизнесмэнүүдийн ажлын байрыг бэлдэх биш. Учир шинэ зууны хүмүүс хэн нэгний бэлдсэн ажлын байранд биш өөрөө ажлын байраа үүсгэнэ гэсэн үг. Мэдээж үйлдвэрлэл технологи, хиймэл оюун ухааны хүчээр урагшилна.
-Шинэ зууны боловсролтой иргэнийг бэлдэхийн тулд бид юуг анхаарах ёстой вэ?
-Ирээдүй гэдэг өнөөдрийн дотор байдаг зүйл. Хол хөндий зүйл огт биш. Бид ирээдүйгээ бүтээгээд явж байна. Манайхны дунд ирээдүйд ихэнх ажлын байр алга болно гэсэн буруу ойлголт бий. Зарим мэдээнээс харахад 2030 онд ажил мэргэжлийн 50 хувь нь алга болно гэсэн байсан. Магадгүй сургуулиа төгсч байгаа хүүхдүүдэд энэ мэдээлэл маш их эргэлзээ төрүүлж байж мэднэ. Үнэндээ одоогийн салбарууд бүгдээрээ байна, тэр мэргэжил алга болохгүй. Харин хийдэг зүйл нь огт өөр болно гэсэн үг. Тиймээс одоогийнх шиг их ажлын байр зарлагдахгүй. Чадвартай хүн ажлын байраа өөрөө олдог болно гэсэн үг.
-Тэгвэл боловсрол, эрдэм гэдэг зүйл илүү шаардах нь ээ?
-Дээд зэргийн эрдэм боловсролтой хүнийг нийгэм шаардана гэсэн үг.
-Ирээдүйн хүний мэдлэг, чадвар, хандлагын тухай гайхалтай олон таамгууд бий. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Дэлхийн эрдэмтэн үүнийг янз бүрээр төсөөлдөг. Гэхдээ бид бурхан биш шүү дээ. Амьдрал баян учраас хүн ямар болохыг бид таашгүй. Төсөөлж байгаа нь сайн хэрэг. Тэр төсөөллийг бид одоо ч бүтээгээд явж байгаа.
-Ирээдүйд хүний заавал эзэмших зүйлийг олон улсад юу гэж тодорхойлж байна вэ?
-Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс суралцахуй төвтэй технологи гэдэг зүйлийг танилцуулаад эхэлчихлээ. Үүний гол зүйл нь асуудалдаа анализ хийгээд үр дүнгээ хэмжээд багаар ажиллах чадвар юм. Энэ чадварыг эзэмшсэн хүн л 21 дүгээр зуунд амьдарна.
-Ирээдүйн тухай таамгуудаас сонирхолтой жишээ татаж болох уу?
-Төсөөллийг бол янз бүрээр ярьж болно. Хүний ажлыг хиймэл оюун хөнгөвчилнө. Мэдээж салбар бүрт роботууд гарч ирэн хүний ажиллагаа тун хөнгөн хялбар болно. Сонсоход сайхан боловч энэ бүхний цаана хүнд үзүүлэх сөрөг нөлөө нэлээн бий. Хэдийгээр анагаах ухаан илүү сайн хөгжих боловч хүний бие физиологи, эрүүл мэндийн байдал өнөөгийнхөөс хэд дахин муудаж болзошгүй. Хөдөлж байх ёстой хүний бие махбодь зогсонги байдалд орчихоор аргагүй юм.
Гэхдээ энэ тийм хол зүйл ч биш. Ирээдүй өнөөдрийн дотор байдаг шүү дээ. Өнөөдөр гэхэд ЕБС-ийн сургуулийн хүүхдүүдийн биеийн байдлыг дээр үеийнхээс дордох тийшээ хандсан. Нүдний хараа муудах, компьютерийн хамааралтай өвчлөл, илүүдэлтэй жинтэй хүүхэд цөөнгүй болчихлоо. Энэ бол сөрөг нөлөө.
-Харин бизнес эрхлэгчдэд бол том боломж байх?
-Мэдээж бизнес талаасаа гоё боломж юм. Гэтэл хүн талаасаа аваад үзэхээр эргэлзээ төрдөг. Тэр үеийн хүний үнэт зүйл гэж юу болох талаар одооноос бодохгүй бол болохгүй. Аливаа зүйлийг бид хоёр талаас нь авч үзэх чухал. Учир нь бусдыг дуурайна гэдэг тодорхой хугацаанд сайн зүйл боловч эцэстээ өөрийгөө устгахын шинж гэж үздэг. Тийм учраас бид энэ аливаа зүйлийг авч үзэхдээ өөрийн Монгол соёл уламжлал талаас харьцуулж авч үзэхгүй бол хэрээ дуурайж дуурайж галуу хөлөө хөлдөөхийн үлгэр болж мэднэ.
-Тэгвэл боловсролын салбарт цаг алдахгүйгээр өөрчлөх ёстой асуудлыг та юу гэж үздэг вэ?
-Дээр дурьдсанчилан ганц ухаанд сургах биш ухааныг суулгах эрдэмд суралцах аргад чиглүүлмээр байна. Яагаад дархан хүн бурхан ухаантай байдаг вэ гэхээр нэг зүйлийг олон жил хийхээр тэр явцад ухаан нь задарч тэлдэг. Үүнийг арга гээд байгаа юм. Арга гэдэг дээр бас нэг зүйлийг хэлмээр санагддаг. Багш нар гэхэд хичээлээ зааж дараагийн хичээлээ төлөвлөх зарчимаар явдаг. Энэ бол ёс үйлийг эрхэмлэж байгаа хэрэг. Үүний цаана хичээл болгоныг ажиглаад, хүүхдүүд юу сурч мэдэхийг хүсч буйг нь анзаараад үүндээ ажиглалт эргэцүүлэл хийгээд явах эрдэм талыг нь орхигдуулаад байна.
Улсын хэмжээнд ч ялгаагүй. Бодлого боловсрууллаа гэхэд бодлогыг хэрэгжилтийн үр дүнг үнэлээд дараагийнхаа бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ингэхгүйгээр дахиад л баахан шинэ зүйлийг хэрэгжүүлдэг. Энэ бол шинжилгээ талыг орхигдуулаад хэрэгжүүлэх талыг нь хийгээд яваад байгаа хэрэг. Тийм учраас би монголчууд бүх түвшинд алба ажлыг халтуурдаж хийж байна гэж хатуухан хэлдэг. Хийсэн юмныхаа үр дүнг үзээд байнга тасралтгүй сайжруулаад явах хамгийн чухал. Энэ явцад хүн өөрөө тасралтгүй хөгжиж боловсорч байдаг юм.
-Та боловсролыг юу гэж тодорхойлох вэ?
-Боловсролыг бид 2 талаас нь харж байна. Нэг талаасаа бизнес гэж үзэж байгаа бол нөгөө талаас амьдралын хэрэглүүр гэж үздэг. Амьдрахын тулд багаж хэрэгсэл хэрэгтэй дээ, тэр нь боловсрол юм. 21 дүгээр зуунд боловсрол гэдэг үг эрдэм гэдэг үг болж хувирна. Одоо бол боловсрол гэж зогсонги тал дээр авч үзээд байна.
Хөл хөндий нэг зүйлийг сурчихаар л боловсролтой болчихно гэж ойлгодог. Энэ бол хүнээс хэт хөндийрсэн ойлголт. Үнэндээ боловсрол бол тун энгийн ойлголт. Хүн бол байнга боловсорч байдаг. Харин төр засгаас сурч боловсрох орчин боломж нөхцлийг нь өгчих ёстой юм.
-Та боловсрол эрдэм 2-ыг тусдаа ойлголт гэсэн. Ялгаа нь юунд байна вэ?
-Монголчууд Чингис хааныхаа тухай их ярьдаг ч сургаалийг нь огт дагадаггүй. Тэр үед ёс суртахууны үнэлэмжийн үндсэн шалгуур нь эрдэм гэж үзэж байсан. Эрдмийг монголчууд эв дүй буюу арга, сэтгэл, ёс суртахуун гэж ойлгодог. 1924 оны Үндсэн хуулийг харахад ч “Жинхэнэ олон ардыг эрдэм соёлд гэгээрүүлж элдэв ухааны эрдэмд сургана” гэсэн байдаг. Бас бид “Эдийн чанар эрдэнэдээ, эрдмийн чанар аргандаа” гэж ярьж ирсэн ард түмэн. Тийм учраас Монголчууд боловсрол гэдгийг эрдэм гэдэг утгаар нь ойлгочихвол аргыг нь зааж өгөх ёстойг ухаарна гэсэн үг. Гэтэл өнөөдөр нэг танхимд бөөнөөр нь суулгаад хоосон хол зүйлийг залхтал нь зааж байна.
-Ирээдүйд боловсрол мэргэжил гээд олон зүйл өөрчлөгдөх нь. Харин өөрчлөгдөхгүй, хаяж гээж болохгүй тэр зүйлийг та юу гэж харж байна вэ?
-Яаж ч хөгжлөө ч хүний мөс чанар гэж зүйлийг хаяж гээж болохгүй. Үүнгүйгээр энэ их хөгжил үйлдвэрлэлийн биш өөр хувьсгалд ч хүргэж мэднэ. Хамтарч ажиллахад нийгмээрээ урагшлахад хамгийн тус болох зүйл бол хүн чанар.
-Өнөөдрийн боловсролын чанарт үнэлгээ өгвөл?
-Манай боловсролын тогтолцоо яаж амьдрах вэ гэдгийг зааж өгдөггүй. Үнэн хэрэгтээ боловсрол амьдрал хоёр бол нэг юмны 2 тал юм шүү дээ. Бид үүнийг салгаж ойлгоод байгаагаас л боловсролын чанарын тухай асуудал яригдаад байгаа хэрэг. Шуудхан хэлбэл боловсролын чанар бол амьдралын чанар юм. Өнөөдрийн монголчуудын амьдралын түвшин ямар байгааг харахад боловсролын чанарын асуудалтай маргаад байх хэрэггүй болов уу. Ерөөсөө хэчнээн их зүйл зааж сургаснаараа биш өөрөө аргаа олоод амьдраад явдаг аргыг заах нь чухал. Өнөөдөр дэлхий дахин энэ хандлага руу явж байна. Бид үүнийг ойлгоод хэрэгжүүлээд эхэлбэл араас нь дагаж биш урдаас нь тосч хөгжих боломж бий.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.