П.Мөнгөнсор
10 сарын 05, 2026
АНУ-ын Нью-Йорк хотын ерөнхий боловсролын сургуулиуд 2-8 дугаар ангийн сурагчдын хиймэл оюуны хэрэглээг нэг жилийн хугацаатай хориглолоо.
Уг шийдвэр нь тус хотын улсын сургуульд суралцдаг 600 мянга орчим хүүхдийг хамрах юм.
Ингэхдээ технологи, хиймэл оюуны хэт хэрэглээ сурагчдын сэтгэн бодох, танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлөх вий гэж болгоомжилсны үндсэн дээр ийм шийдвэрт хүрснээ Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани мэдээлжээ.
Уг шийдвэрийн хүрээнд өмнө нь сургуулиудад ашиглахыг зөвшөөрч байсан 38 гаруй программын хиймэл оюуны функцийг идэвхгүй болгох аж. Мөн ChatGPT, Claude зэрэг өргөн хэрэглэгддэг хиймэл оюуны платформуудыг сурагчдад ашиглуулахгүй байхаар зохицуулжээ.
Харин ахлах ангийн сурагчдад тодорхой хязгаартайгаар AI хэрэгслүүдийг ашиглах боломж олгож, хиймэл оюуныг үр дүнтэй, зөв зүйтэй ашиглах талаар хичээл орохоор хөтөлбөртөө тусгасан байна.
Багш нарын хувьд хичээлийн төлөвлөгөө боловсруулах, бусад зохион байгуулалтын ажилд AI ашиглаж болох ч шалгалтын материал засах болон сурагчийн гүйцэтгэлийг үнэлэхэд хиймэл оюун ашиглахыг хориглосон байна.
Нью-Йорк хот ийнхүү санаачилга гарган сургуулийн орчин дахь хиймэл оюуны хэрэглээг хязгаарлаж буй нь боловсролын салбарт AI-г хэрхэн зөв зохистой ашиглах талаар толгой гашилгаж буй олон улсуудад шинэ жишиг тогтоож байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.