Засгийн газар ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зорилгоор байрны зээлийн хүүг бууруулах ажлыг хэсэг гарган ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн гэр хорооллоос орон сууц руу төвхнөж байгаа айлуудын зээлийн хувийг 7 болгох боломжийг судалж байгаа ажээ. Мөн ипотекийн зээлийн урьдчилгааг 30-аас бууруулан 25 хувь болгох тал дээр хэлэлцэж байна. 

Одоохондоо төслийн шатанд яваа энэхүү ажлын хэрэгжиж эхлэх  хугацаа нь гуравдугаар сараас наашгүй бололтой. Хэрэв хэрэгжээд эхэлбэл баригдчихаад эзнээ хүлээж буй орон сууцны зах зээлийн эргэлт сайжрах нь дамжиггүй. 

Өнгөрсөн онд 5600 орчим зээлдэгчийн орон сууцны зээлийг шийдвэрлэж, үүнд 354 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний дийлэнх хэсэг буюу 243 тэрбум нь Монголбанк дангаар санхүүжүүлсэн хөрөнгө бол Засгийн газар 111 тэрбум төгрөг ипотекийн зээлд төсвөөс хуваарилсан байна. 

Энэ жилээс Монгол банк үүргээ багасгаж Засгийн Газар уг хөтөлбөрийг авч явах бөгөөд 300 орчим тэрбум төгрөгөөр 5000 орчим иргэнийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байна.