Хоосон... “Бүх юм хоосон”. 

Хэн ч билээ дээ нэгэн зохиолчийн номноос уншсан энэ гурван үгийг би ер мартдаггүй юм. Магад хэзээ ч мартахгүй биз. Яагаад тэгтэл гүн сэтгэгдэл төрүүлснийг бодоод бодоод олохгүй хэрнээ бодсоор л явна. Одоо ч гэсэн би бодсоор л... Бодол намайг хөтлөн алхах энэ үед анзаарсан ч үгүй, ажигласан ч үгүй явтал модод шарлажээ. Намар хэдийн гунигтай бүх зүйл гунддаг ч гэсэн би дуртай. Магадгүй энэ улиралд ургасан болохоор сэтгэлд гэгээн, зүрхэнд минь ойр байдаг биз ээ. 

Өөрийнхөө тухай бичнэ гэдэг тэр тусмаа сэтгэлийнхээ ертөнцийн тухай бичнэ гэхээр би үсэг цаасыг ер эвлүүлж чадашгүй нь ээ. 

Энэ амьдралд таниж баршгүй, нээж дуусашгүй ганцхан зүйл байдаг гэж би боддог. Тэр бол “ХҮН”. 

Өөрийнхөө ертөнцөд бүдэчдэг надад өөрөөлийн ертөнц бүр хол санагдана. Одоогоос гурван жилийн өмнө манай ангийн охин миний тухай хөрөг бичихдээ “Яг л эрдэнэс хадгалж байдаг авдар шиг, түүний хэлэх үг, хийдэг үйлдэл нь авдрыг онгойлгох чухал түлхүүр мэт” гэж бичсэн байсныг одоо хүртэл би санадаг юм. Энэ өгүүлбэр намайг их бодолд оруулж өөрийнхөө тухай төдийлөн боддоггүй байсан надад өөрийг минь бодуулж эхэлсэн. Тиймээ миний эргэн тойрны хүмүүс л үнэнийг хэлж чадна. Харин надад өөрийгөө тодорхойлох ганц ч үг одоогоор алга. 

Алхам тутамд би өөрийгөө дутуу байгааг мэдэрдэг. Өөрийгөө голдог, илүү хичээх ёстойг мэдсээр байж заримдаа би юу ч хийж зүрхэлдэггүй. Миний сайн санахаар бага байхын л би гэрээсээ гарах дургүй хүүхэд байсан. Гарвал ээжтэйгээ л хааяа нэг гарна. Хичээлдээ явна, тараад гэр, гэртээ очоод хичээлээ хийнэ. Ийм л маршруттай миний хүүхэд нас нэгэн суманд өнгөрсөн юм. Тэнд л миний дурсамж, дурьдатгал, амьдралд олсон, гээсэн мөчүүд минь байдаг. Гэхдээ л би өөрчлөгдөж байгаагаа анзаардаг. Урд өмнө нь намайг догдлуулж, миний сонирхолыг татдаг байсан зүйлс одоо тэгтлээ анхаарлыг минь татахаа больжээ. Би өөрийг сонирхож эхэлсэн бололтой. 

Надад аливаа зүйлийг ярих их хэцүү санагддаг. Харин хэн нэгний ярьж байгааг хэдэн цагаар хамаагүй сонсож чадна. Хүмүүстэй ярилцах сайхан ч гэсэн би тийм илэн далангүй хүн биш, хэлье гэж бодсон ч хэлэлгүй өнгөрсөн олон тохиолдол миний амьдралд бий. Заримыг нь би өөртөө хадгалдаг юм. Ганцаарааг мэдрэх муухай ч гэсэн би хааяа ганцаараа байх дуртай. Адаглаад өдөрт ганц цаг ганцаараа байхыг хүсдэг. Хөгжим миний анхаарлыг онц татдаггүй ч, уран зураг миний сонирхолыг их татдаг. Би зураач хүнийг нэг зургийг бүтэн зураад дуустал нь хамт байх юмсан гэж боддог. Мөн ном миний амьдралын нэгэн хэсэг. 

Нэг л өдөр модод навчсаа гөвчихсөн байхыг анзаарах гунигтай. Сэтгэл нэг л хөндүүр... Хааяахан санаа алдаж гунихрах, ганцаардах сайхаан, яагаад гэвэл тэр ганцаардал, уй гунигаас би өөрийгөө олдог. Гэгэлзмээр бүр дуу алдмаар, инээгээд инээгээд л баймаар аз жаргал сайхаан, гэвч үргэлжид тийм гэгээн байвал би харанхуйд хааяа ч болов дурлана... 

Миний сэтгэлийн ертөнцөд “Би” байдаг аа. 


2016 он