Чихний үзүүрт шунгинах шумуулын дуунаар нойрноос сэрэв. Хормын зуурт ухасхийн босч золигийн муу шумуулыг нислэг дунд нь алга хавсарч намнав. Эргээд хэвтлээ. Нойр хүрэх юм биш. Ням гарагийн өглөө сайхан унтана даа гэсэн төлөвлөгөө ингээд замхрав. Гадаа бороо орж байна. Борооны чимээ сонсож орондоо хэдэнтээ хөрвөөв. Онцын хийчихмээр яаралтай ажил юу билээ гэх нь ээ санаанд тэр гээд хэлчихмээр ойр наана, тодорхой юм алга. Эргэж унтах найдвар талаар болсон тул тэгсгээд бослоо. Энэ зуур нэг мэргэн санаа тархинд зурсхийн орж ирэв. Ерөөс борооны ус туучья...

Амралтын өглөө хэн намайг хараа билээ, унтлагын хувцас дээрээ усанд ордог тавчикаа өмсөөд толинд ч харалгүй гарлаа. Зөөлөн бороо орж байна. Урд зүгийн бороо юу билээ дээ, цаанаа л нэг дулаан амьтай. Орцны үүдэнд хэсэг зогслоо. Улс амьтан таарвал галзуу хүүхэн байна даа гэж харах байх гэж бодох ч бороонд алхах хүсэл маань гадагш түрнэ. Хамгийн сүүлд хэзээ өөрийн дураар борооны ус туучиж, зоргоороо алхсанаа бүүр мартчихаж. Уг нь ч хоёр гурван хоногийн өмнө энд бороо орсон л доо. Тэр оройн борооноор гүйх нь битгий хэл, намайг хамаад явчихмаар сул ус буусан билээ. Өнгөрсөн жил яалаа, ажил тараад харьж явтал мөндөртэй бороонд цохиулангаа алдаад гудамжны номын санд хэсэг саатаж зогсоо үгүй юу.

Бороо ороогүй үед манай хорооллын настайчуул өдийд гадаа нарлаж суудаг юм. Тэд гэртээ бүгжээ. Тэтгэврийнхэн голдуу амьдардаг энэ хороололд үзэж сонирхох юм тун бага. Хөгшчүүл хаа нэг бие биенээ ихэд дотнорхуу дуудаж, чанга чанга ярьж байх нь дуулддаг. Манай өрөөний цонх дандаа онгорхой байх юм чинь дээ, сонсогдохгүй гээд хаачих вэ. Байр орцонд бол өөдтэйхэн хашгирчих хүн ч олдохгүй дээ. 

Би хааяа нэг дуулдаг юм. Уг нь өөртөө зориулж дуулдаг юм. Гэтэл зөвхөн өөртөө, ганц муу өрөөндөө дуулж байгаа биш хөршийнхөндөө, хорооллынхондоо дуулж байгаа шиг цуурайтахаар нь бүр санаа зовчихно. Тэгээд л дуулахаа больчихдог. Бүтэн жил болоход хажуугийн орцны үүдэнд шинэхэн бэрээ угтаж авсан айл ёс төр болж, цочтол цочтол ёслолын буудлага хийснийг эс тооцвол хөгжил баяслын анир чимээгүй газар билээ.  

Хороолол руу орж гардаг нарийн гудмаар алхлаа. Зулай дээр буусан усан дуслууд тархи руу бодол болон “шингэнэ”. Шарлангуй өнгөтэй гудамжны ус хөл дээгүүр жирэлзэн гүйнэ. Нэг нь нөгөөгөө хаман урссаар их ус болон цааш жирэлзэн гүйнэ. Сүлжээ гэзэг шиг тэрхүү ус муу усны төмөр таглааны онгорхой нүхээр багталцаж ядан шингэнэ. Хэдхэн хоногийн өмнө ажил дээр “Манай нутгаар бороо орж байна гэнэ ээ” гэхэд “Тэгвэл Монголд сайхан наадам болох нь ээ” гэсэн яриа болж байсныг саналаа. 

Олон хүн цугларсан газар нэг бол уур хилэн тэсэрч, нөгөө бол аз жаргалын даавар ялгарч байдаг. Монгол наадам бол монгол түмний найр цэнгэлийн их оргил, их хөөсрөөн. Уясан морьгүй хэрнээ Хүй долоо худгийн тоосонд даруулж түрүү морь харах, таньдаг ганц бөхгүй хэрнээ ханьдаа хань болж бөхийн тайлбар сонсох, Цэнгэлдэхийн наранд шарагдаж сур харвааны талбайгаар ёс юм шиг эргэх ч бас л энэ насны жаргал шүү. Хаанахын хуушуур амттай бол, хаа идвэл тухтай бол гээд явж байдаг наадмын өдрүүдийг шиврээ бороотой уявал уу. 

Хүний дурсамж юухан дээр ч сэдэрдэг. Тамхины утаа аавын тухай, анхны цас хайрын тухай, 80-аад оросын эстрадын дуу хүүхэд насыг минь сануулах жишээний. 

Шал дэмий зүйлсээс болж урьд өмнөхийн хөгжилтэй явдлууд санаанд бууж, ганцаар түсхийтэл инээх бол байх л асуудал. Говьд бороо орно  гэдэг ховрын үзэгдэл. Нэг зун өвөөгийндөө очиж зусав. Юун сүрхий бороо орсон юм. Гал ноцоох модгүй болж эмээтэйгээ хоёул сондуултай талаар бударгана түүж явжээ. Үргэлжилсэн их борооноор гэрийн хаалга онгорхой, хавь ойрыг харсан шигээ сууж л байсан байлгүй дээ. Тэнгэр дуугарч цахилгаан буухаар хөгшчүүл маань мэгзэм уншихаар инээд хүрнэ гэж жигтэйхэн. Инээхээр загнуулах тул хуучны хүмүүс л ийм байдаг байх гэх шүү бодогдоод л. Социалист нийгмийн шинэ цагийн хүн явлаа гэж. Бас нэг бороотой холбоотой уярам түүх санаанд орж байх чинь вэ. Зуны нэг орой ажлаас тараад харьж явтал ээж эгц өөдөөс сандрангуй айсуй явна. “Яасан ээж” гэтэл “Охин нь сургууль руу явсан. Ирдэггүй. Юу юугүй усархуу бороо орох нь. Чи энэ гудмаар амдаад яв. Би нөгөө талаар нь  явья” гэчихсэн амьсгаа дээртэй явж байж билээ. 

Нэг удаа би нэлээн танил хүнээрээ тэнэгээрээ дуудуулж байсан юм. Говийнхон чулуутай сайрыг гол гэнэ. Түүгээр хэдэн жилдээ нэг удаа үер гүйнэ. Тийм нэг үертэй усыг явганаар гаталж явааг тэр хүн харж л дээ. Ахмадуудын ярихаар хангайн үерээс говийнх аюултай гэдэгсэн. Гутлаа тайлаад оймстойгоо ороод явчихсан. Гараад ирсэн оймс алга. Ер юм мэдэгдээгүй шүү. Залуу ч байж дээ. 

За даа, ер нь том хүн борооны ус туучиж чаддаггүй юм байна ш дээ. Зүгээр л уураг тархиа  амрааж алхахаас биш хүүхэд шиг баярлаж хөөрдөггүй юм байна. Гутал хувцас халтайчихна, үс гэзэг муухай болчихно, ханиад томуу хүрээд хэвтчихвэл яршиг гэх айдас хүйдэсгүй алхсан нь л сайхан юм. Нааш цааш хэдэнтээ алхав. Уйдмар  аядав. Ингээд гэр рүүгээ буцсаан.  

Бороотой өдрийн дурсамжаасаа нэхэн самнавал олон ч юм бичнэ байх. Хүүхэд байхын борооноор гүйдэг, шавхайгаар тоглодог, усан байлдаан хийж бие бие рүүгээ цацаж тоглодог тэр цаг хугацаа л хамгийн гэгээн үе байж. 

Их усан дундуур үсээ зууралдтал гүйж гүйж, инээсээр орж ирэхэд гэрийнхэн өөдөөс том харах тэр агшин одоо бодоход хичнээн хөгжилтэй вэ. Ерөөс хүний насыг бороонд туучдаг нас, борооноор гүйдэг нас, бороонд нордог нас гэж ангилмаар ч юм шиг..