Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 14, 2026
Оюуны хөгжлийн институт ТББ-аас Монголын Үндэсний номын сангийн Бүтээлч байгаль танхимд “Шувуудын eртөнцөөр аялахуй” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ удаагийн зочноор Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр уригдаж, оюутан сурагчдад монгол орны шувуудын талаар мэдээлэл хүргэсэн юм.
хүний аятай тухтай байдалд л нийцүүлж орчноо сүйтгэж болохгүй
Дээхэн үед Улаанбаатар хоттой ойрхон шувууд үүрлэдэг, амьдардаг, ажиглах боломжтой газрууд нэлээд олон байлаа. Гэтэл хот тохижуулах ажил нь төлөвлөлтгүй явснаас ногоон байгууламжуудыг сүйтгэчихсэн. Одоо шувуу ажиглачихаар газар гэвэл Үндэсний соёлын амралтын хүрээлэн, Сонгинохайрхан уул үлдсэн гэхэд хилсдэхгүй.
15,20 жилийн өмнө Эмээлт өнгөрөөд эсвэл Найрамдал зуслан явах замд л өвөгт тогоруу 2-3 хосоороо өндөглөөд, зусдаг байлаа. Одоо энэ зам дагуу шувууд бараг харагддаггүй. Хотоос хамгийн ойрдоо Хустайн нуруу очиж байж л хардаг болчихсон.
Эрүүл амьдрах орчин гэхээр зөвхөн хүний аятай тухтай байдалд л нийцүүлнэ гэж ойлгож болохгүй юм аа. Эх дэлхий зөвхөн хүний төлөө бүтээгдээгүй. Биднийг тойроод маш олон зүйл ургамал, амьтан бий.
Гадны улсууд зэрлэг амьтантайгаа, байгальтайгаа зэрэгцэн амьдрах, ажиллах учраа олчихсон, аль болох ногоон хөгжил рүү тэмүүлж байна. Харин монголчууд энэ газар оронд биднээс өмнө амьдарч байсан амьтдын гэр орныг сүйтгээд, унд хоолгүй болгочхоод өөрсдөө сайхан амьдарна гээд л яриад сууж байна.
Мэдээж манай улс хөгжих хэрэгтэй. Гэхдээ хөгжил заавал байгалиа сүйтгэж ирдэг зүйл биш биз дээ. Байгальтайгаа урт удаан хугацаанд тогтвортой оршиж болдгийг нотолсон олон жишээ бий.
ихэнх хүмүүс шувуудыг нэрлэж мэдэхгүй, ялгаж чаддаггүй болсон
Хүмүүсийн шувууны талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байна гэж би хардаг.
Тухайлбал тагтаа гэж шувуу Улаанбаатар хотод хоёр зүйл бий. Анзаарч хардаггүй хүн нэг зүйл тагтаа гэж боддог. Гадуур хамгийн түгээмэл гүйлддэг бор шувуудыг ихэнх хүмүүс болжмор л гэж ойлгож, ярьж ирсэн. Жинхэнэ болжмор хээр амьдардгийг мэддэггүй. Бас хар өнгөтэй шувуу харахаараа хэрээ байна л гэдэг. Гэтэл манай хотод хар хэрээ, улаан хошуут алагтуу, турьлаах зэрэг 5 зүйлийн хэрээ бий. Энэ мэтээр дэргэдээ байгаа шувуудыг ялгаж чадахгүй, нэрлэж мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Тиймээс бид "Монголын шувуу ажиглагчдын клуб" -ыг байгуулаад иргэдэд шувуудын талаар мэдээлэл өгөхөөр зорьж байна. Фэйсбүүк групптээ 20-иод мянган гишүүн болоод байна. Бид тогтмол шувуу ажиглах өдөрлөгүүдийг зохион байгуулдаг юм.
Заримдаа хөдөөгүүр явж, заримдаа хот дотор ч шувуу ажиглана. Мэргэжлийн судлаач, гэрэл зурагчид, олон жилийн туршлагатай сонирхогчдыг дагаад дурантай явбал их үр дүнтэй. Шувуугаа олж хараад "Монголд ийм гоё шувуу байдаг юм уу" гэж ихэнхдээ гайхширцгаана. Зөвхөн урин дулаан цагт гэлтгүй өвөл болохоор Сибирийн тайгад цас их орвол шувууд нь манайд өвөлждөг. Бүр хотын төвд жимсний модтой газраар төрөл бүрийн гоё гоё шувуу нь үзэгддэг. Хүмүүс л анзаардаггүй юм.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Шувуудыг таньж мэдье гэвэл дуран аваад л гараарай
Шувуу ажиглах их амархан шүү. Ой модонд очлоо гэхэд дурангаараа эхлээд хөдөлж байгаа бүхнийг дагуулаад хараад байх хэрэгтэй. Дараа нь чимээ чагнаад сонсогдсон зүг рүү нь очоорой. Мод ихтэй газар шувуудын жиргээ л сонсогдохоос биш харахад бэрх. Гагцхүү сайтар төвлөрч чимээг нь хөөгөөд л байвал олж харж чадна.
Шувуу ажиглах хобби сүүлийн жилүүдэд олон улсад тренд болж байна. Шувуу хараад л зогсчихдоггүй болохоор биеийн эрүүл мэндэд, сэтгэл зүйд ч олон эерэг нөлөөтэй. Түрүүн хэлсэнчлэн шувуудын чимээ чагнаад дуран бариад хөөцөлдөөд явахаар нэг мэдэхэд л зөндөө олон километр алхчихсан. Уул өөд өгсөж уруудчихсан байх жишээний.
Өдөрт 10 мянга алхах ёстой эсвэл турах гэж байна гэх мэт шалтгаанаар хөдөлгөөн хийх шаардлагатай олон хүн бий. Гэхдээ тодорхой зорилгогүй, завсарт нь хийх зүйлгүй алхахаар хүмүүс ихэнхдээ амархан уйдаж, шантарчих гээд байдаг талтай шүү дээ. Шувуу ажигладаг болчихвол хэзээ ч уйдахгүй гэдгийг би баттай хэлнэ. Шувуугаа харах бүрд урам орж явсаар нэг л мэдэхэд шувуу сонирхогч, ажиглагч болчихно шүү дээ (инээв).
Хавар цаг шувуу ажиглахад хамгийн сонирхолтой үе.
Учир нь нүүдлийн шувууд ирж байгаа болохоор маш олон зүйлийн шувуудыг нэг дороос харж чадна. Хоёрдугаарт үржлийн үе нь учраас хамгийн гоё өнгө зүстэй, хамгийн сайхнаар дуугардаг байхгүй юу. Энд тэнд алхаж явахад шувуудын жиргээ симфони хөгжим шиг л эгшиглэнэ шүү дээ.
Монголын хавар нүүдлийн шувуудын хамгийн эмзэг үе”
Манай оронд шувууд бүр Африкаас ирдэг гээд та бод доо. Үүнийг Зүүн Өмнөд Африк-Зүүн Азийн нүүдлийн зам гэж нэрлэдэг. Мөн өмнөд Ази, Энэтхэгээс Гималайн нуруу даваад ирдэг шувууд ч бий. Үүнийг нь Төв Азийн нүүдлийн зам гэж нэрлэдэг. Мөн Австрали, Шинэ Зеландаас ч шувуу ирдэг. Энэ замыг Зүүн Ази, Австралийн нүүдлийн зам гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр байдаг шувуудын 3 том нүүдлийн зам манайхаар дайрч өнгөрдгөөрөө онцлогтой.
Тэр холоос маш их ядарч, цангасан, хамаг эрч энергиэ зарцуулаад ирдэг. Энэ үед нь бид шувуудыг айлгаж үргээх, тайван байдлыг нь алдагдуулахаас зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа өндгөө дарж байгаа шувууд дулаан байлгахын тулд олон хоногоор босохгүй үүрэндээ нам хэвтэх хэрэгтэй байдаг. Энэ үед шувуу үүрлэж байгаа газар руу мал бэлчээхгүй нохой явуулахгүй байхад л хамгийн том тус болно.
Түүнчлэн говь хээрийн бүсэд усны хангамж маш ховор. Энэ олон зуун сая шувуу манай говийг туулаад, усгүй газраар салхи сөрөөд нэлээн ядарч ирдэг. Яг энэ үед нь тосоод уст цэгүүд бий болгож өгвөл шувуудад маш том буян болох юм шүү.
Жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв жил бүр шувуу ажиглах аялал зохион байгуулдаг.
Энэ жилийн аяллыг Ховд, Хэнтийд, Өмнөговьд, Улаанбаатар хот, Өгий нуур зэрэг 4-5 газар зэрэг зохион байгуулахаар төвлөж байгаа ажээ. Та бүхэн Wildlife Science and Conservation Center of Mongolia хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.