СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Банканд мөнгөө хадгалуулаад жилийн арваадхан хувийн хүү авах нь инфляц өссөөр байгаа ийм үед ашигтай хувилбар биш болчихлоо. Хөрөнгийн зах зээлийн оролцогч болчихвол хүртэх өгөөж нь хамаагүй илүү ч нэг том эргэлзээ байна. “IPO хийсний дараа компаниудын хувьцаа нь уначих юм” гэсэн шүүмжлэл нийтлэг сонсогдох боллоо. Гэтэл нөгөө талд хөрөнгийн зах зээлээс урт хугацаандаа өндөр өгөөж хүртэх боломжтой гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлдэг. Хөрөнгө оруулалтын сан бол иргэдийг том корпорациудын эзэн болгох боломж ч гэж ярьдаг. Үнэхээр ийм боломж байна уу?

-Хөрөнгө оруулалтын сан бол иргэдийг том корпорациудын эзэн болгох цор ганц гүүр л дээ. Ер нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж байж л хүчтэй, мөнгөтэй дундаж давхарга үүсдэг. Үүнийг дэлхий ертөнц түүхээрээ баталчихсан. Би танд ганцхан жишээ хэлье. Өнөөдөр Apple компанийг мэдэхгүй хүн үгүй. 2000 онд энэ компанийн хувьцааг худалдаж авсан хүний хувьцааны ашиг өдгөө хэдэн мянган хувиар яригдаж байгаа. Ийм жишээ хөрөнгийн зах зээл дээр өчнөөнөөрөө бий. 2000 онд Apple-ийн хувьцааг нь авалгүйгээр банканд хадгалуулсан бол хүртэх өгөөж нь ийм өндөр тоогоор яригдахгүй.

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахын гол ач тус нь ерөөсөө л энэ. Урт хугацаандаа өндөр өгөөж өгдөг онцлогтой зах зээл. Монголын хувьд хөрөнгийн зах зээл нь хөгжлийнхөө эхэнд шатанд яваа. Компаниудын IPO гаргах сонирхол одоо л эрчимжиж байна. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын мэргэжлийн институц сүүлийн жилүүдэд л дажгүй хөгжих найдлага төрүүлж байна.

Иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцох хоёр боломж бий. Нэгдүгээрт өөрсдөө сонгоод хувьцаагаа авах боломжтой. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа буюу нэгж эрхийг эзэмших замаар хөрөнгийн зах зээлд оролцох боломж байгаа. Тухайлбал, Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын санг дурдаж болох юм. Энэ сангийн хувьд Монголын хамгийн том, хамгийн олон хөрөнгө оруулагчтай сан гэдгээрээ онцлогтой. 

 

-Та сая хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө эхэн үед яваа гэж хэллээ. Олон нийтэд энэ зах зээлийн мэдлэг, туршлага дутмаг учраас аль компанийн хувьцааг авбал ашигтай байх талаар тодорхой төсөөлөл алга байх шиг. Хөрөнгө оруулалтын сан, менежментийн компаниар тэнд ажиллаж буй мэргэжлийн багаар дамжуулж хувьцааны зах зээл рүү орвол эрсдэл багатай гэж ойлголоо…?

-Тэгнэ. Хөрөнгө оруулалтын сан, менежментийн компаниар дамжиж оролцох гол давуу тал нь иргэд өөрсдийн мэдлэг, мэргэжил, боловсрол, хөрөнгийн хэмжээ, цаг завын боломжоос үл хамаарч мэргэжлийн хүмүүст бүхнээ даатгачхаж байгаа юм. Хөрөнгийн зах зээлээс илүү өндөр өгөөжийг мэргэжлийн удирдлагаар дамжуулан хүртэх боломж манайд бүрдчихсэн.

Хөрөнгийн зах зээлийн мэдлэг дутмаг бол мэргэжлийн хүмүүсийн ажиллуулж буй компанид хандах нь эрсдэлгүй шийдэл. Хөрөнгө оруулалтын сан бол банк, санхүүгийн зах зээлийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Тэр дундаа хөрөнгийн зах зээл дээр гол үүрэг гүйцэтгэдэг томоохон институц.

Банкны бус аргаар бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэл бүхий хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын ажиллуулдаг газар гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сангуудыг удирддаг хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд гэж бий. Хүмүүс банкнуудад, банкны салбарын мэргэжлийн удирдлагуудад итгээд мөнгөө хадгалуулдаг даа, яг түүн шиг хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтнүүдэд итгээд мөнгөө өсгөх боломжтой.

 

-Бүр энгийнээр хэлбэл тэдэнд “мөнгийг минь өсгөөд өг” гэж хандахад л мэргэжлийн хүмүүс ашиг орлого, өгөөжөө өгөх газарт иргэдийн мөнгийг байршуулж үнэ цэнийг нь өсгөж өгнө гээд ойлгочиход болох юм байна…?

-Ер нь тийм. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бол иргэд аж ахуйн нэгжүүдийн мөнгийг хөрөнгө оруулалтын тодорхой бодлого, стратегийн дагуу зөв хөрөнгө оруулалтад байршуулдаг мэргэжлийн байгууллага. Олон улсын зах зээл, Монголын хуульд тодорхойлсноор бол хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг удирдаж явуулах газар нь хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Барууны зах зээлд хөрөнгө оруулалтын банкнууд гэж тодотгодог. Дэлхий дээр асар том хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгийг удирдаж байдаг. 

Ажлаа хийж яваа иргэдийн хувьд хэзээ, хаана, юунд хөрөнгөө оруулах вэ гэж толгойгоо гашилгаж, дүгнэлт анализ хийгээд суух завгүй учраас тухайн сангуудад хуримтлалын мөнгөө өгч, өсгүүлээд, өгөөжийг нь хүртээд явдаг.

-Иргэдийн хувьд мөнгөө өсгөх том өгөөжийг хөрөнгө оруулалтын чигийн сан, компаниудаар дамжуулаад хүртэж боломжтой гэдгийг та тов тодорхой тайлбарлалаа. Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр улс орны эдийн засагт ямар давуу талтай вэ?

-Эдийн засаг тэлнэ. Хөрөнгө оруулалтын сангууд бий болж, сангуудын удирдлагыг хэрэгжүүлэх чадварлаг менежментийн компаниуд байгуулагдсанаар эдийн засагт томоохон хэмжээний хөрөнгө оруулагчид бий болдог. Ингэснээр шинээр гарах IPO-нууд амжилттай хийгдэж, компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжин өргөжнө. Ахиад онцлоход иргэд хөрөнгөжнө, мөнгөө өндөр хувиар өсгөх боломж нээгдэнэ гэдэг бол эдийн засагт маш эерэг мэдээ, дохио болно. Дэлхий дээр хөрөнгө оруулалтын сангийн хувьцааг эзэмшдэг хувь хүмүүс олон бий.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн орлогоо олдог гол эх үүсвэрийн нэг нь хөрөнгийн зах зээл дээрх хувьцаанд мөнгөө байршуулах. Түрүүн хэлсэнчлэн хүн бүр хувьцаанд хөрөнгө оруулах боломжгүй учраас эдгээр орны иргэд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхээр дамжуулж хувьцааны зах зээлээс өгөөж хүртэх нь нийтлэг байдаг. АНУ гэхэд иргэдийнх нь тавь гаруй хувь идэвхтэй хувьцаа эзэмшигч.

Дахиад хэлье, хөрөнгийн зах зээл дээрх өгөөжид нэг том онцлог бий. Тодорхой богино хугацаанд гэхээсээ илүү урт хугацаанд өндөр хувиар илэрдэг онцлогтой. Дээр дурдсан Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын сан нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлэх бөгөөд Банканд хөрөнгө оруулалт хийх үндсэн зорилготой. Тэгэхээр хөрөнгө оруулагчид нь томоохон банкны эзэд болох нь цаг хугацааны л асуудал. 

Бас нэг онцлогийг нь тодотгох учиртай байх. Эдийн засгийн хямралтай, цар тахалтай гэх мэт тодорхой шалтгаануудын улмаас хөрөнгийн зах зээл огцом өсөлт үзүүлэхгүй байх нь бий. Гэхдээ энэ бол цаг зуурын л асуудал. Товчхондоо эдийн засаг өндөр өсөлттэй жилүүдэд маш өндөр өгөөж өгдөг онцлогтой зах зээл.

 

-Цаг үеийн онцлогоос болоод бууралттай үе тохиох ч хадгаламжийн хүүгээс өндөр ашиг өгөх нь тодорхой байх, тийм үү?

-Ерөнхий дунджаараа хадгаламжийн хүүгээс илүү их өгөөжийг хүртэх боломжийг хөрөнгө оруулалтын сан өгдөг. Санхүү суурьтай эдийн засагчид дэлхийн эдийн засгийг банк санхүүгийн болон хөрөнгийн зах зээл гэсэн хоёр том санхүүгийн тулгуур дээр суурилж хөгждөг гэж үздэг.

Сүүлийн хорь, гучин жилийн судалгааны ажлаас харахад хөрөнгийн зах зээл нь түлхүү хөгжсөн улс орны эдийн засаг илүү тэлдэг гэсэн хандлага давамгайлдаг. Хөрөнгийн зах зээл хөгжих ёстой гэж үзээд буй үндсэн шалтгаан энэ л дээ. Монголд хөрөнгийн зах зээл хүссэн хэмжээнд хөгжихгүй байгаа ч хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний сангууд гэх мэт мэргэжлийн институцүүд төлөвшиж эхэлсэн нь том олзуурхал шүү.

-Мэргэжлийн хэмжээнд төлөвшсөн газрыг онцлооч гэвэл та аль байгууллагыг онцлох вэ?

-Тэр энэ гэж онцлоод яах вэ гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын менежментийн том жижиг, олон компани энэ зах зээл дээр ажиллаж байна.

-Эхний асуултдаа илүү тодорхой хариу авах гэсэн юм. Монголд хөрөнгийн зах зээл ойрын ирээдүйд хөгжих боломж харагдаж байна уу, жишээ нь би өнөөдөр хөрөнгө оруулалтын санд хандаж хөрөнгийн зах зээлд хуримтлалаа хийвэл арав, хорин жилийн дараа өндөр өгөөж хүртэх боломжтой юу?

-Монголд хөрөнгийн зах зээл хөгжих нь илэрхий болчихсон асуудал. Хөрөнгийн зах зээл ойрын ирээдүйд маш хүчтэй тэлнэ. Олон компани IPO хийж байна, хийхээр бэлдэж байгаа компани ч олон байгаа. Хийж буй IPO бүр амжилттай болох хандлагатай байна. Тийм учраас өнөөдөр хөрөнгийн зах зээл дээрх энэ институц цаашид хөгжих нь тодорхой.

-Хувьцааны үнэ өсөхгүй байна, IPO хийсний дараа уналаа гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанаас болоод байгаа юм биш л дээ. Хөрөнгийн зах зээлд оролцогчтой холбоотой асуудал. Мэргэжлийн урт хугацааны оролцогчдын тоо цөөн байгаатай холбоотой. Хөрөнгийн зах зээл дээр богино хугацаанд ашиг олох гэсэн цөөн тооны оролцогч олон байгаа учраас таны сонирхсон асуудал үүсээд байгаа юм. Олон улсын жишиг, Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг харвал хөрөнгийн зах зээлийн арилжаа, үнэлгээ, түүнд оролцогчдын тоо хэмжээ гээд бүх үзүүлэлт цаашдаа тэлэх нь тодорхой. Сүүлийн таван жилийн үйл явц үүнийг тод нотлон харуулж байна.

Ярилцсан: Ц.Баасансүрэн