Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, эх орноороо аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Гэвч энэ хэрээрээ байгаль орчин ихээр сүйтгэгджээ. Жуулчдын аялах маршрутаас зарим газруудыг хассан нь үүний баталгаа юм. Энэ талаар “Mongolian Guide Tour” компанийн захирал, аялал жуулчлалын багш, зөвлөх Ч.Буянбадрахтай ярилцлаа. 

Аялал жуулчлалын салбарын хүний хувьд монголчуудын экологийн боловсролыг ямархуу түвшинд байна гэж хардаг вэ?

Байгалийн үзэсгэлэнт газруудын орчны бохирдол нь ямархуу дүр зургууд бий болгосныг аялал жуулчлалын салбарынхан бүр илүү ихээр мэдэрч, анзаарч яваа гэж би хардаг.

Хяргас нуурын Хэцүү хад, Завхан аймгийн Улаагчны хар нуур гээд манайхан нуур устай аль сайхан газарт очиж, амарч зугаалах болсон. Энэ хэрээрээ тэдгээр газрууд хог хаягдалд дарагдчихлаа. Нэмээд бохирын асуудал шийдэгдээгүй нь асуудлыг бүр ч хүндрүүлчихсэн.

Гадаадын жуулчид үзэж амжаагүй тэр сайхан байгалийг л дотоодын аялагчид нь өөрсдөө түрүүлж очоод сүйдэлж, үгүй хийж байгаа нь маш харамсалтай. 

Үүнийг л бид маш хурдан хугацаанд засаж залруулах хэрэгтэй. Монголчууд бидний хувьд аялах ёс суртахуун, ухамсар хараахан суугаагүй л санагддаг.

Эцэг эхчүүдийн ухамсар, экологийн боловсрол асар доогуур учраас үр хүүхдийнхээ хажууд хогоо хаяж, энд тэндгүй шүлс, нус, цэрээ хаяж харагддаг.

Бараг л хүүхдүүд нь хогоо түүж, эцэг эхээ хүмүүжүүлээд байх шиг харагддаг.


Энэ мэт хандлагаас болж жуулчдын өмнө ичгэвтэр байдалд орсон удаа бий юу?

-Замын хажууд хэвтэх элдэв архины шил, ус ундааны сав, хөглөрсөн их хогийг хараад жуулчид маш их гайхдаг. “Яагаад монголчууд хогоо хаа хамаагүй хаячихдаг юм бэ?” гэж асуудаг. Харахад зүлэг ногоо тэгширсэн, цэцэг алагласан онгон зэлүүд газарт ч заавал нэг архины шил хэвтэж л байдаг болохоор тэр шүү дээ. 

Хэдий бид жуулдын хөтөч хийж яваа орчуулагч, тайлбарлагч нар ч гэлээ тэр үед үнэхээр хэлэх үггүй болтлоо л ичдэг.

Хэдэн жилийн өмнө манай компанийн шугамаар ирсэн Швейцарын жуулчин Архангай аймгаар аялсан юм. Тэрхийн цагаан нууранд очоод тэр их хуримтлагдсан хогийг хараад шууд бухимдсан. Зорьж ирсэн тэр сайхан газар нь экологийн хувьд яаж сүйдэж байгааг хараад бухимдахдаа “Яг одоо намайг Байгаль орчны сайдтайгаа холбоод өгөөч, би өөрөө яримаар байна” гэж хөтөчдөө хэлсэн. 

Хөтөч маань аргаа барахдаа манай жуулчны мэдээллийн төв рүү хандаж надтай холбогдсон юм. “Багш аа, энэ жуулчин аялж яваад баахан хог харчхаад уурлаад, зураг хөргийг нь дарчихлаа, одоо яавал дээр вэ?” гэсэн. Тухайн үед бид тухайн жуулчны дарсан зургийг “Жуулчин залуу Байгаль орчны сайдыг хайж байна” гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд  нийтэлсэн юм.

Архангай аймгийн засаг захиргаа харж, анхааралдаа аваасай гэж бодсондоо тэр л дээ. 

Тэр пост олон хүнд хүрч, долоо хоногийн дараа овоорсон хогийг цэвэрлэсэн байж билээ. Гадны жуулчид бидний өмнөөс ингэж л санаа зовниж арга шийдэл, гарц гаргалгаа хайж, эх орны минь байгаль газар шороог хайрлаж хамгаалж байна. Гэтэл эзэн болсон бид нутгаа хамгаалж хайрладаггүй. Угтаа бол гадна дотных гэж ялгалгүй хүн төрөлхтөн бид нэг л дэлхий дээр амьдарч аж төрж байгаа.


Таны анзаарснаар ямар хүмүүс голдуу байгаль орчиндоо хайр гамгүй хандаж байна вэ?

Юун түрүүнд орон нутгийн иргэд өөрсдөө анхаарах хэрэгтэй. Хот суурин газрын аялагчид тарьсан хогоо түүгээд явдаг болсон. Гэтэл орон нутаг хооронд аялал хийж яваа иргэд өөрсдөө хаа хамаагүй хогоо хаяцгаадаг. Хүүхдийнхээ живхийг машиныхаа цонхоор гаргаж шидэх, ууж яваа ус ундааны саваа хаях гэх мэт ухамсаргүй үйлдэлтэй бишгүй л таарсан. Энэ байдлаа бүр мөсөн болимоор байна. Ийм сайхан байгаль, уудам дэлгэр нутагтай атлаа өөрсдийн гараар нутаг орноо бохирдуулж сүйдэлж байгаа нь ирээдүй хойч үедээ эрүүл орчин үлдээх сэтгэлгүйн илрэл юм болов уу гэж хардаг. Унаган байгаль эргэж нөхөн сэргээгдэхэд хичнээн хугацаа орохыг ойлгож сэхээрч чадахгүй л байна.


Таныг анх аялал жуулчлалын бизнес хийдэг байхад нөхцөл байдал хэр байсан бэ?

Хамгийн ойрын жишээ нь Орхоны хөндий буюу Хархорин Эрдэнэзуу юм. Жилдээ ойролцоогоор 22 мянган жуулчин зорин очдог газар. Урьд нь бид жуулчидтайгаа Орхон голын эрэг дагуух жуулчны баазуудын гадаа ширээ засаж хооллодог байлаа. Тэр үед яаж салхилсан ч шороо хуй босч шуурдаггүй байв. Гэтэл одоо бол хоолловол битүү шороонд булагдана. Хуучин цагийн тэр сайхан чийглэг хөрс үгүй болж, зүлэг ногоо ургахаа больж, бүхэлдээ цөлжсөн. Ердөө арав ч хүрэхгүй жилийн хугацаанд л гарсан өөрчлөлт шүү дээ. Уг нь монголчууд бидний эрт дээр үеэс л Орхоны хөвөөг нь дагаж малаа бэлчээж ирсэн, эх орны маань маш чухал түүхэн газруудын нэг. Харамсалтай нь элсэн цөл болоход ойртжээ.


Жуулчны компаниудын хувьд хар жагсаалтад орсон газрууд байдаг гэж сонссон. Үнэхээр тийм газрууд байдаг уу?

Тийм газар олон бий. 

Цагтаа Өгийнуурын амралтын баазууд загасны махтай төрөл бүрийн хоолоор жуулчдаа дайлдаг байв. Нуурын ус бохирдсоноос загасууд нь өвчилсөн учраас хүнсэнд хэрэглэлтгүй. Эрэгт нь тулгаж майхан машинтайгаа буудаллаж, энд тэндгүй хогоо хаяж бохирдуулснаас энэ бүхэн үүдэлтэй.

Бидний үргэлжлэл болсон хойч үе минь энэ байгаль дэлхий, газар нутагт эргээд амьдарна даа гэсэн сэтгэлээр л ханддаг, ухамсартай байгаасай.


Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд заавал анхаарах ёстой зүйлийг дурдахгүй юу?

Гэр бариад жуулчин хүлээн авч, жуулчны бааз байгуулж ч болно. Хамгийн гол нь хэрэглээний хогоо хааш нь яаж зөөх вэ, хаана төвлөрүүлэх вэ, хаана хаях вэ, бохирын асуудлаа хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудлуудаа л юун түрүүнд анхаарч шийдэх хэрэгтэй. 

Энэ мэт асуудлыг шийдэхгүйгээр ямар ч бэлтгэлгүй хэрнээ аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцоод байгаа нь л энэ бүх асуудлын гол шалтгаан болоод байна.

Өнөөдөр хамгийн түрүүнд шийдэх ёстой гол асуудлуудын нэг бол хогийг дахин боловсруулах, нэгдсэн нэг цэгт төвлөрүүлэх, цаг тухай бүрт нь зөөвөрлөж тээвэрлэдэг байх юм. Түүнчлэн тухайн аялал жуулчлалын бүсийн амралтын газрууд болон амьдарч байгаа нутгийн иргэд нь өөрсдөө хувь хүний ёс суртахуун болоод наад захын экологийн боловсролд суралцах цаг нь болсон.

 

Гадны жуулчдыг хүлээн авах буюу аялал жуулчлалын салбарын ирэх онуудын зорилт, төлөвлөгөөгөө хуваалцвал?

Бид ирэх гурван жилийг Монголд зочлох жил болгон зарлаад байгаа бөгөөд 2023 ондоо 1 сая жуулчин хүлээн авах төлөвтэй байна. Гэтэл гаднаас зориод ирсэн тэр олон жуулчин хамгийн түрүүнд монгол хүний соёлыг, биеэ хэрхэн авч явааг, байгальтайгаа хэрхэн харьцаж буйг л онцолж харна шүү дээ.