Наян зургаан настай Дэнзэн өвгөн хэн нэгнийг хүлээн хөлийн чимээ чагнана. Гэрийн гадаа дуулдах элдэв хөлийн чимээ, хүмүүсийн дуу хоолойг таних гэж ой санамжаа уудлан эрт цагийн дурсамж руугаа одож байна. Ерөөс хүний амьдрал гэдэг явж явж хэсэг бусаг дурсамжийн цуглуулга төдий л юм шүү дээ. Хүний амьдрал ямагт өнгөрсөн цагт л оршдог. Энэ зохиолд Дэнзэн өвгөний ураг удмын түүхээс улбаалан Монголын түүхийн гажуудалт эмгэнэлт цаг үеийг хөвөнд боосон чулуугаар түншсэн нь тун ч сонирхолтой. Лам хуврага, язгууртан дээдэс, оюуны элит хэсгээ хомроглон устгасан хэлмэгдүүлэлтийн хар шуурга, коммунист хийрхэлийн туршилтын туулай болж хамтрал хомоон гээч байгуулан Монголын буянаа барах шахсан гашуун түүх, хувийн өмчийг устган нэгдэлжих хөдөлгөөн нэрээр малчдыг моды нь бариулж гары нь мухарласан социалист хэнээрхэл, цаг хугацааны буруу галт тэргэнд сууж будилж хөгөлсөн түүх гээд үнэхээр өргөн далайцтай сэдэв хүрээг хамарсан, бичлэгийн хувьд манайдаа л цоо шинэ, шинэлэг сэтгэлгээт уран бүтээл юмаа. 

Бүлэг болгоны эхэнд Дэнзэн өвгөний хүүрнэх орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай сонин сайхан домог бол ёгт далд утгатай төдийгүй эхлэл төгсгөлгүй цаг хугацаанд тоолол бий болгосон хүн төрөлхтний үүсэл гарлын товч түүх юм. Эхлэл-төгсгөл-эхлэл гэсэн мөнхийн тойрогт эргэлдэх орчлонгийн юмс үзэгдэлд цаг хугацаа оноох нь ерөөс утгагүй зүйл бөгөөд хаос аяндаа эмхэрч цэгцрээд төгс төлөвийг олоод буцаад эхлэлдээ очих мөнхийн хөдөлгөөнд матери орших тухай гүн гүнзгий философи санааг хөндсөн нь тун ч итгэл үнэмшилтэй. Үлгэр домог гэдэг төгсгөл үгүй бөгөөд яг л орчлон хорвоо шиг өөрөө үүсэж бүтээд хягааргүй үргэлжлэх боломжийг өөртөө агуулж байдаг шиг гайхамшиг юм. 

Цадиг хууч гэдэг "Одоо цагийн роман тууж гэгч хов жив хөөцөлдсөн хоёрын хооронд худал тэмцэл өрнүүлэн замгий нь ихдүүлж загасы нь цөөрүүлсэн зохиомол зохиол шиг дэмий яриа биш" хэмээн зохиолд дурдсан байдаг нь үнэний эрэлд хатсан хүмүүн төрөлхтний үлгэр-домог,хууч яриа гэдэг өнгөрсөн цагийн далд түүх ёгт утга, ирээдүй цагийн зөгнөл мөрөөдөл цөм шингэсэн байдаг төдийгүй уран сэтгэмжийн баялаг ундарга, утга зохиолын шавхагдашгүй эх булаг болдогоороо ямар ч зохиомол түүхтэй харьцуулах аргагүй шид увидастайг хэлсэн хэрэг. 

Монгол хэлний арвин баялаг үгийн өргөнөөр санг ашиглаж, оновчтой сайхан найруулга бүхий энэ сонин содон зохиолыг мэргэжлийн утга зохиол судлаач шүүмжлэгч нарын зүгээс сүүлийн 20 жилд хэвлэгдсэн хамгийн шилдэг романаар Г.Аюурзанын "Бөөгийн домог","Гурамсан цадиг" мета-романуудын хамтаар нэрлэж, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц "Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал", М.Булгаковын "Мастер Маргарита хоёр"- той дүйхүйц сонин сайхан зохиол" гэж үнэлсэн зэргээс харахад ямархуу чансаатай бүтээл вэ гэдэг нь тодорхой бизээ. "ЦАДИГ ХУУЧ" 1996 оны шилдэг романаар шалгарч, энэ бүтээлээрээ зохиолч, яруу найрагч Г.Нямаа МЗЭ-ийн шагнал хүртсэн нь нүдээ олсон хэрэг. Оросын суут зохиолч Гоголиос эхэлсэн утга зохиол дахь "Харьцангуй цаг хугацаа орон зай"-н мушгиралт, Латин Америк зохиолчдын үлгэр-домог зүйд тулгуурласан шидэт реализмын арга барилыг чадварлаг ашиглан өвөрмөц зохиомж өгүүлэмж дүр дүрслэл бүхий гоц сонин бүтээл туурвижээ гэсэн сэтгэгдэл төрж байна. 

Үлгэр, домог, хууч яриа, зүүд зөн, хийсвэрлэл, бодит амьдрал, болсон явдал, үүх түүхийг хооронд нь чадварлаг сүлжин, тун ч өвөрмөц байдлаар холбон найруулсан эл зохиол Монголын утга зохиолын сэтгэлгээ, уран чадвар дэлхийн дайдад хүрсэний бас нэг нотолгоо юмаа. Орчлонгийн зүй тогтол, оршихуйн утга учир, хүний амьдралын далд холбоо сүлжээг уран зохиолын хэлээр хүүрнэж чадсанд баярлан олзуурхана.Дорно дахины арга-билиг гэсэн хосолмол үзлийг нэн тодорхой үзүүлж, оршихуйн шүтэн барилдлага, үйлийн үр, сүнс сүүдэр, нүгэл -буяны үр дагавар, урьд хойд насны явдал мөрийн тухай Буддын гүн ухааны үзэл санааг зохиолдоо нэвчүүлэн барин тавин үзүүлж байгаа нь тун их сонирхолтой болжээ. 

Хүний амьдралын жам ёсыг энгүүн сайхан хүүрнэхдээ хайр сэтгэл, нууц амрагийн сэдвийг хөндөж энэ нь жам ёсноос гадуур бузар муухай жигшмээр зүйл огтхон ч биш харин хүний хувь заяаны төөрөлдсөн төөрөг юмаа гэдгийг тун ч үнэмшилтэй дүрслэн үзүүлсэн байдаг. "Үйл үйлээ дагана, үнээ тугалаа дагана" гэсэн зүйр үг юутай үнэн билээ. Эцэг эхийн хийсэн үйлийн үр үр хүүхдэд нь эргэж тусдаг гашуун үнэн нүдний өмнө дурайна. Залуу цагтаа лам хуврага хэмээн хэлмэгдүүлэлт өртөн баривчлагдаж, уул хадаар гэр хийж оргуул босуул явсан Дэнзэн өвгөн насан туршдаа үнэнч шударга, гэм хоргүй сайхан амьдарч, буяны зам мөрөөр хорвоог туулсан ч нэг л гэм нүгэл насан туршид нь зовоожээ. Машинд ачигдан явахдаа оргон зугтсан Дэнзэн ламын оронд мөрөөрөө малаа хариулж явсан жир малчин эрийг тоо гүйцээн авч чадсан тэр эмгэнэлт явдалд өөрөө буруутай мэт, хүний хувь заяаг булаасан мэт , эдлэх зовлон зүдгүүрээ үүрүүлсэн мэт шаналж явжээ. Нэр нэгт Дэнзэн өвгөн шанага будааны өрөө төлөх гэж үхлийг хойшлуулан үйлээ барсан явдалтай төстэй юм. Хүн чанар, жудаг гэдэг ийм нарийн нандин сөгдөж мөргөмөөр эд юм шүү дээ уг нь. 

Үлгэр-домог, цадиг хуучаар арвин баялаг, адилтгал, хийсвэрлэл, зүйрлэл дүрслэлийг урнаар ашигласан дам бэлгэдэл, далд ёгт утга санаа дүүрэн эл бүтээл эцсийн бүлэгт хүний тухай, хүн чанар, хүнлэг сэтгэл, жудаг ёсын тухай зохиол юм. Үр хойчдоо үлгэр домгоо өвлүүлсэн Дэнзэн өвгөн үхлийг амар тайван нэр төртэй угтаж байна. Үхэл бол амьдралын төгсгөл биш нэгээс нөгөөд шилжиж буй мөнх бусын жам ёсны мөчлөг юм. Ганц өргөмөл хүүгээ хүлээж суугаа Дэнзэн өвгөн уулзаж амжилгүй сүнс нь тэнгэрт гарчээ. Насаараа ганц бие, хань хамжаагүй явсан Дэнзэн өвгөний төрсөн үр удам нь Халзан ч байж магадгүй. Үл тасарч үл барагдах ураг удам гэдэг хувь заяаны хэлхээс юм. Хүний хувь заяаны эргүүлэг хаашаа, яаж ч эргэж хөрвөж болох барьцгүй эд болохыг Дэнзэн өвгөний туулсан амьдрал, эргэн тойрных нь хүмүүсийн хувь заяагаараа тодорхой сайхан үзүүлж чадлаа. Хүүгээ эрж хайн насыг барж яваа гал шарга морьтой, гандуу бор дээлтэй Шунхлай өвгөн бол Монголынхоо хувь заяанд санаа зовнин ирээдүйг нь шинжиж яваа бэлгэдэлт сайхан дүр. 

Хүн-ном болсон хөх өвгөдийн ЦАДИГ ХУУЧ хэзээ ч үл тасран ураг удмаар дамжин үргэлжиж байдгийг сануулсан сайхан бүтээл юмаа.