Хайраар халхавч хийж ганцаардлаас бүү зугтаа…

Х.Оргил
07 сарын 05, 2023

Францын нэрт зохиолч Франсуа Куарегийн 1953 онд, 18 насандаа бичсэн “Сайн уу, Гуниг минь” бэсрэг роман хэвлэгдсэн даруйдаа олон улсад нэрийг олж, тэр дундаа Католик шашны үнэт зүйлс хүчтэй байсан Европын нийгмийг ёстой л донсолгосон юм.

Зохиолд арван долоохон настай охины өөрийн онцлогт хувь хүн болж төлөвших гэсэн хүсэл эрмэлзэл хийгээд нийгмээс тулгаж буй оноосон дүр хоёрын дундах зөрчил, мөнхүү зөрчлөөс үүдэх гуниг ганьхарлыг нүдэнд үзэгдэж, сэтгэлд тэмтрэгдтэл, эрс шулуухан бичсэн нь тийнхүү шашны уламжлал, дэг жаяг нь ноёлог хэвээр асан европын уншигчдын нүдийг бүлтийлгэсэн хэрэг болсон билээ. Куарегийн зохиол гагц ил задгай, эрс шулуунаараа олны анхаарлыг татсан юм биш. Басхүү олон зуун, магадгүй олон мянганы турш зөвхөн эрчүүдийн төсөөллөөр хэлбэржиж, эрчүүдийн гараар л бичигдэж ирсэн эмэгтэй хүний дотоод ертөнцийг эмэгтэй хүн өөрөө уудлан дэлгэснээрээ шударга бөгөөд онцлог байв.

“Сайн уу, Гуниг минь” романыхаа нэрийг Куаре эх орон нэгт, алдар суут найрагч Поль Элуардын “Зуурдын амьдрал” шүлгийн эхний мөрөөр нэрлэжээ. Харин насанд хүрээгүй тул хэвлэлийн газартай эцэг эхийнхээ оролцоотой гэрээ хийх шаардлагатай болоход эцэг нь охиныхоо нэр төрийг бодсондоо ч тэр үү, мөнхүү “задгай” зохиолын зохиогчийг өөр нэрээр төлөөлүүлэх санал гаргажээ. Тийнхүү охин өөрийн шүтдэг зохиолч Марсел Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” романы нэгэн дүр Принцесс дэ Саганы нэрийг өөртөө авахаар шийдсэнээр хожмоо Франсуа Саган хэмээх бичгийн нэрээрээ олон сая уншигчдынхаа зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.


Цээжний хөндийд хов хоосон оргих хирнээ юу ч юм бэ нэг юм амьсгал бөглөөд байх шиг… Гуниг л байхдаа.

“Сайн уу, гуниг минь” бэсрэг романыг уншиж дуусахад ийм л сэтгэгдэл төрсөн дөө. Гунигтай юмаа амьдрал гэдэг. Гэхдээ үзэсгэлэнтэй юмаа гуниг гэдэг.

Зугаа цэнгэл хөөсөн хөнгөн амьдралтай, биеэр амсах жаргалын төлөө юугаа ч зориулахад бэлэн эцгийнх нь дүр, ёсорхог, бардам, өөртөө итгэлтэй, ухаалаг Аннагийн дүр тэнгэр газар шиг боловч хүний дотор орших хоёр хүслийн туйлыг илэрхийлэх шиг.

18 ч хүрээгүй Сесиль охин аав шигээ юунд ч санаа зовдоггүй, юуны ч талаар бодож эргэцүүлдэггүй амар хялбар, одоодоо л жаргалтай амьдрахыг хүсдэг учраас амьдралыг нь ээдрээтэй болгох Аннад битүүхэндээ шаралхаж явна. Гэвч сэтгэлийнхээ гүнд өөрийгөө Анна шиг ухаалаг, өөртөө итгэлтэй, ихэмсэг нэгэн болсон байгаагаар төсөөлнө.

Сесиль гэнэн тэнэг, болчимгүй балчир охин шиг харагдавч зохиолч энэ дүрээр биднийг, хүнийг төлөөлүүлэн дүрсэлсэн юм шиг санагдсан. Бид амар хялбар, тайван жаргалтай байхыг хүсдэг ч, цаагуураа өөрт байхгүй тэр л хүний чанарыг эрэлхийлж амьдардаг. Улмаар зүрх сэтгэлд үүсэх зөрчил, эргэлзээт бодлууд тэдгээрээс үүдэн гарах алдаа оноотой үйлдлүүд, цаашлаад эдгээр нь сэтгэлд гуниг, ганцаардлыг авчирна. Ингэж л бид гунигтай анх танилцдаг. Гуниг, ганцаардлыг мэдэрч эхэлсэн мөчөөс хүн амьдралын талаар, өөрийнхөө тухай эргэцүүлж эхэлдэг байх. Ингэж бодохоор гуниг тийм ч муу зүйл биш. Гунигийн үзэсгэлэнтэй тал нь энэ. Бүхнийг өөрөөр харж эхлэх үүд нээгддэг ч гэж хэлж болох юм.

Аннатай ахин уулзсан мөчөөс Сесиль сэтгэл дотроо өөр нэг Сесильтэй зөрчилдөж эхэлсэн. Ингэж л юу ч боддоггүй хөнгөн амьдралдаа анх удаа гуниг, ганцаардлыг мэдэрсэн нь тэр бизээ. Харин эцэстээ хуучны жаргалтай хөнгөн амьдралаа эргүүлж олж авсан ч тэр өмнөх шигээ тэр амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай байж чадахааргүй болсон. Гуниг Сесилийн амьдралын өөр бүлгийг нээж өгөх шиг санагдсан. 

Гуниг гэдэг үзэсгэлэнтэй…

Номын турш гунигийн талаар элдэв бодолд дарагдсаар дуусгав. Уншихад тааламжтай, сайн орчуулгатай.

Бороотой өдөр уншиж дуусгаваас нэн тохиромжтой. Эморлын дээд цэгт хүргэнэ.

Холбоотой сэдвүүд

ном өгүүллэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.