Дармын Батбаяр "Цахилж яваа гөрөөс" (тууж) 

Нүүдэлчин Монгол ахуйг нүдэнд харагдтал дүрслэж, эмэгтэй хүний сэтгэлзүйг гайхалтай нарийн мэдэрч бичсэн манай хүүрнэл зохиолын шилдэгүүдийн тоонд баттай багтах цөөхөн зохиолын нэг дээ. 

Хэмжээний хувьд авсаархан, үйл явдал нь энгийн, ердөө л нэг гэр бүлийн зөрчлийг үзүүлж байгаа боловч хэлэх гэсэн санаа нь гүнзгий, дүр дүрслэл нь чамбай, торгон мэдрэмжээр ааглан бичсэн үгийн урлагийн гайхамшиг билээ. Эр нөхөр нь  өөр бүсгүйд сэтгэл алдарч, сэтгэл нь хоёрдож, сэтгэл нь шаналж явааг эмэгтэй хүний зөнгөөр мэдэрсэн Дэжид шуудхан хөөж тууж чадаагүй ч бас арай ч үгүй болов уу гэсэн горьдлогоор салах тухай үг цухалзуулахад Дамба харин аль хэдийн дотроо шийдчихсэн байсныг түүний "Би юу ч авахгүй гэсэн" ганц хариултаас л тодорхой болдог. Салж сарних гэж байгаа эхнэр нөхрийн  хооронд хэрүүл хараал болсонгүй, ерийн л яриа хөөрөө өрнөж байгаа хэсгүүд яаж ч ийм байна аа гэж гайхах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. 

Монгол хүний язгуур төрөлх зан чанар, дотоод сэтгэхүй, хүн чанар, нэгнээ хайрлах сэтгэлийн тэнхээ, уужуу ухаан, сэтгэлзүйг урнаар дүрслэн үзүүлж, бидний хаягдаж гээгдсэн тэр л үнэт зүйлүүдийг сэргээн сануулдаг билээ.

Нөхөртөө хаягдсан тэр л мөчөөс Дэжид өөрийгөө шинээр нээж, өөрт нь ямар хүч боломж нуугдаж байсныг олж мэдэх төдийгүй, амьдралын цоо шинэ алхамыг бие даан эхлүүлж, урьд нь анзаараагүй явсан жижиг сажиг зүйлүүд хүртэл одоо хэчнээн чухал болохыг биеэрээ мэдэрч эхэлдэг. Нөхрийнхөө нөмөр нөөлөгт ажин түжин хорвоог барсан бол тэр өөрийгөө хэзээ ч таньж мэдэхгүй өнгөрөх байлаа. 

Бэрхшээл зовлон тулгарахад хүний дотоод нөөц боломжууд илрэн гарч, түүнд хурцлагдан хүн өөртөө итгэлтэй болж, амьдралын шинэ боломжуудыг олж хардаг ажээ. 

Өөрийгөө зөнд нь хаясан, идэвхгүй сул дорой байдал, нөхрийгөө хайр халамжаар дутаасан зэрэг нь хаягдах шалтгаан болсныг ойлгож, өөрөөр амьдрах сэтгэлийн тэнхээг олж авдаг билээ. 

Дамба хэдийгээр гэр бүлээ орхин явсан ч ар гэртээ үргэлж санаа зовнихын хажуугаар, энэ байдлы нь Тогоохүү мэдчих вий гэхээс бариу гутал өмссөн хүн мэт  сэтгэлийн зовлон эдлэх аж. Тогоохүүгийн наалинхай ааш, эрхэлж нялхарах хайранд умбан суух нь хэсэгхэн зуурын жаргал гэдгийг ухаарч гэрлүүгээ буцах санаа Дамбад төрөвч басхүү бүсгүйн сэтгэлийг гомдоох зүрх зориг хүрэхгүй халирсаар дороо эргэцэх тушаатай морь мэт нэг тийм хүлэгдмэл байдалд орчихсон хөөрхийлөлтэй дүр төрх сэтгэл эмзэглүүлнэ. Дамбын өвөг эцгээс уламжлан ирсэн хөлөө жийн хэвтэж буй хүрэл гөрөөс цахилан одож буй зүүдний хэсэг бол Дэжидэд  нэгэнт цахилан одсон гөрөөс шиг өнгөрсөн амьдралын хойноос зууралдах хэрэггүй гэсэн дохио сануулга болж, Дамбыг битүүхэн хүлээж байсан горьдлого найдлагын хүлээс тасарч, сэтгэл нь шулууддаг билээ.

Хүрэл гөрөөсийг Дамбад хүргэж өгсөн нь тэдний хоорондын амьдрал нэгэнт тусдаа болсныг хүлээн зөвшөөрсөн бэлгэ тэмдэг төдийгүй, хэн хэндээ хар буруу санахгүй тус дэмтэй явахыг, тэр гөрөөсийг нандигнадаг шиг үр удмаа бас харж, хайрлаж явахыг сануулж байгаа уран дүрслэл юм. Хүн өнгөрсөн амьдралынхаа дурсамжаар хөглөгдөн, түүнтэйгээ зууралдан сэтгэлээ тэжээж явдагийг Дэжид өнгөрсөн амьдралаа  дурсаж алдаа оноогоо дэнслэн буй тэр хэсгүүдээ тодорхой харагдана.

Дэжидийн бодол, дурсамж, дотоод хүүрнэлээр дамжуулан монгол эмэгтэй хүний уужуу ухаан, тэсвэр тэвчээр, сэтгэлзүйг гайхалтай нарийн дүрслэн үзүүлсэн ховор бүтээлийн нэг шүү. Хадлан дээрээс Дамбыг гэртээ харьчихаасай гэх бодол олон уншигчид төрдөг байх. Тэгэх л юм бол зохиолын гол гогцоо, амин судас алдагдаж цаашид хөврөх үйл явдлууд сонирхолгүй, амтгүй, хэлэх гэсэн санаа нь дутуудах юм. Соц реалист утга зохиол ид оргил үедээ л байсан 80-аад оны эхэн үед бичигдсэн зохиол гэхэд үзэл суртал өчүүхэн ч үнэртэхгүй,нэг гэр бүлийн амьдралын зурвас үеийг энгийн мөртлөө эгэлгүй сайхнаар туурвин бичиж чадсанаараа хүүрнэл зохиолд гэрэлт суврага мэт нэг сайхан нандин бүтээл үлдэж хоцорчээ. Толстой, Цвейг, Флобер шиг эмэгтэй хүний сэтгэлийн гүнд нэвтэрч, далд хүсэл тэмүүллийг нь нээн гаргаж чаддаг, эмэгтэй хүнийг мэдэрч бичдэг тийм л мундаг зохиолчийн нэг төдийгүй, хэдийгээр цөөвтөр бүтээл туурвисан ч гоо зүйн таашаал бүхий богино хэмжээний хүүрнэл зохиолын төрөлд Эрдэнэ баавайн ард л эрэмбэлэгдэх утга зохиолын өндөрлөгүүдийн нэг бол эрхэм хүмүүн Дарма.Батбаяр гуай билээ.