Тэр орой урьд урьдынх шигээ л өнгөрсөн санагдана. Одоо эргээд бодоход онцын гойд үйл явдал болсон зүйл санаанд үнэндээ алга. Бодвол нөхөр хоёул өдрийн ажлаа ярилцаад, хүүхдүүд өрөө хооронд гүйлдээд эсвэл даалгаврынхаа ард гарах гээд ширээнийхээ ард сууж байсан байлгүй. Манайх их эрт унтдаг айл л даа. Тэр л тогтсон жишгээр бүгд эртхэн орондоо орцгоосон юмдаг. Хэдий унтсан юм бүү мэд. Гэнэт л миний нүдэнд тэр харагдсан. Тэр ер нүдээ цавчихгүй намайг харж байсан. Гэхдээ ер бусын тайван, ямар нэг сэтгэл хөдлөлгүй их ухаалаг харцаар эгц өмнөөс минь харж байв. Тэр юу ч хэлээгүй, бас ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийгээгүй. Зүгээр л тогтуунаар хараад л байв. Аниатай нүдэнд нүд дүүрэн хүн харагдах ямар гээч. Цочсон айсан аль нь бүү мэд, огло өндийн хагас суух зуураа сэрсэн юмдаг. Эгээ л хар дарсан зүүд шиг. Энэ зүүд үү, зөн совин уу, тарни шившлэг үү, ой санамж сэргэв үү, дурсамж дурдатгал сэдрэв үү.

Яг юу болоод өнгөрснийг ойлгох гэж хэсэг хугацаанд суугаа чигээрээ орон дээрээ суув. Зэргэлдээ байрны айлууд унтаагүй, гэрэлтэй байхыг бодвол унтаад төдийлөн удаагүй шиг. Өрөө хав харанхуй. Дэргэд нөхөр жигд амьсгалах нь сонсогдоно. Нэг тийм хачин хүлэгдмэл уур амьсгалд эзэмдүүлчихээд гарч чадалгүй, сая нөгөө хэн байсан даа, өнөө хэн... гэж тархи хүүрнэх ч нэрийг онож хэлж чадахгүй л байлаа.  Бодоод бодоод би түүний нэрийг олохгүй нь илэрхий болов. Хэсэг алмайрч суусны эцэст бат цайз мэт ханиа тэврээд хөнжил рүүгээ улам шургав.

Хоёр дахь шөнө. Гурав дахь шөнө. Гурван шөнө дараалан тэр хүү миний нойрыг сандаачив. Яг юу болоод байна аа. Ингэж өөрөө өөрөөсөө асуух ч хариултаа олдоггүй. Нээрээ нэг тийм хүү байсан даа гэж тэр шөнөөс хойш тогтож санах болов. Нэг их өндөргүй, гойд царайлаг биш олонхийн адил ердийн нэг бор хүү байсан. Надаас лав 1-2 ах байсан санагдана. Түүнийг би зүсээр нь л баримжаалахаас тэр ямар нүдтэй, нүднийх өнгө нь бор уу шар уу, ямар дуу хоолойтой, ямар зан ааштай байсан тухайд тэр гээд хэлчих юм даанч бага байлаа. Ажлын чөлөө заваар өнөө зүүд гэхэд хэцүү зүйлээ гэнэ гэнэ санана. Тэгээд л түүний нэрийг санах гэвч олохгүй хэвээр, гүн биш эрэл ой тойнд эргэлдсээр. Хүн мууг нь түрүүлж санахдаа сайн гэдэг дээ. Гэнэт бодлоо. Үхчихэж. Хүмүүсийн яриад байдаг шиг талийгаачийн сүнс хүрээд ирсэн болов уу. 

Тархи бүр гашилаад тайлал олох санаатай хамгийн сүүлд хэзээ залгаснаа санахгүй байгаа ч түүний талаар хамгийн баттай зүйл хэлж чадах багын найз руугаа залгалаа. Амьд гэнэ. Хаана ямар ажил хийдэг гэчих вэ дээ. Нэрийг нь ч хэллээ. Нээрээ тийм. Ийм нэртэй байсан. Одоо л зарим зарим зүйл санаанд бага багаар бууж эхлэв. Түүний тухай ярья гэвэл одоогоос лавтайяа цаг хугацааг 30-аад жилээр урагшлуулах болох нь. Тэр үед би хоёр салаа гэзэгтэй, үзүүрт нь цоохор өнгийн тууз сулхан зангидсан дунд сургуулийн туранхай зэгзгэр охин байлаа. Хөгжил гээч юм манай аймагт ирээд хэд хэдэн угсармал орон сууц баригдаж, тэдгээрийн нэгэнд манайх нүүж оров. Тэр үед л би түүнийг анх олж харсан юм. Чин үнэндээ би түүнийг олж харсан юм биш. Тэр надад харагдсан юм. Бид хоёр хоёр өөр сургуульд сурдаг байлаа. Тиймээс хичээл сургуулийн үеэр бид бие биетэйгээ бараг тааралддаггүй байв. Зун бол харин өдөр бүр шахуу хэн хэнийхээ барааг олж харна. Эхлээд би санаандгүй тааралддаг гэж боддог байсан ч энэ бүхэн арай өөр зүйл болохыг аажимдаа ойлгосон юм. 

Тэр хүү их янзын хүүхэд байж билээ. Байрны дээвэр, подваль гээд хаа ч гүйж явж мэдэхээр хөдөлгөөнтэй хүү байсан. Гэлээ гэхдээ ер гэм хоргүй, тэгсэн атлаа сүүдэр шиг дагадаг. Байшингийн булан тохойгоор нэг толгой цухайна. Хальт олж харахын завсар алга болчихно. Хаа явсан газар ар өвөрт алхаж л явна. Нөгөө харахад илбийн юм шиг үзэгдэхээ болчихно. Орцны үүдэнд амдана. Гараад ирэхэд мэдсэн шиг цементэн довжоон дээр сууж л байна. Говийн зун хичнээн сайхан билээ дээ, болзож баймаар Шандын үдэш найзуудтайгаа бужигнаж яваад ирэхэд гадаа үүдэнд хэн нэгэнтэй ямар нэг ярьсан шиг гэм сэргүй сууж байдагсан. Зугаатай ч юм шиг, ханьтай ч юм шиг. Түүний энэ занг би мэдсэн ч мэдээгүй юм шиг, өөрийг нь харсан ч хараагүй юм шиг царайлдаг байлаа. Тиймээс тэр өмнө нь босгосон хар ханыг нэвтэлж чадаагүй байж мэднэ. Эс бөгөөс би түүнийг төдийлөн ойшоодоггүй шиг намайг бас тоогоогүй ч юм бил үү. Яагаав миний хэлдгээр зугаатай ч санагдсан юм бил үү, хэн мэдлээ. Манайх тэр байрандаа удаагүй. Дараа нь өөр байр руу нүүв. Би ч түүний тухай тэгсгээд мартав. 

Тэгтэл сургууль төгсөх дөхсөн үед ийм нэг явдал болсон юм. Биднийг хүүхэд байхад одоогийнх шиг аль таарсан дэлгүүр рүүгээ ороод юу дуртайгаа авчихдаггүй байлаа. Тарвас гэхэд зөвхөн намар л олж иднэ. Эхлээд арай үнэтэй зарна. Дараа нь үнэ навс хямдарч самаркандын өртөгтэй болно. Адаг сүүлдээ архины шилээр солино. Үүний араас алим мандарины “улирал” залгана. Нэг хэсэг бужигнаад дэлгүүрийн лангуун дээрээс чимээ тасарна. Өвөл шинэ жилийн үеэр дахин нэг гарч ирнэ. Голдуу бэлэгний уутанд л үзэгддэг ховрын бараа байжээ. Тэр үеийн алим мандарины үнэрийгээ. Одоо тийм үнэртэйг эрээд ч олохгүй дээ. Хэдий бага зарагддаг ч тэр үед байгальлаг чанар ихтэй жимс жимсгэнэ орж ирдэг байсан юм болов уу даа.

Бидний хүүхэд нас ийм л нэг гачуу дутуу хэрнээ цагаан гэгээтэй үе байжээ. Манай орон мал аж ахуйн орон хэмээвч мах сүү ховор. Зуны өглөө сүүнд дугаарлаж ээждээ тусалдаг ухаантай. Худалдагч дэлгүүрийн гадаа задгай цэгт сүүгээ зарна. Хүмүүс ирсэн дарааллаараа бетон саваа цувуулаад тавьчихна. Хэдий зуны өглөө ч жиндүү. Байшингийн нөмөр бараадаж нар дээш хөөрөхийг хүлээж зогсоход хэдэн авгай хүүхнүүдээс өөр хүн үл үзэгдэнэ. Нэлээд хүлээсний эцэст 40 бетонтой сүү ирж, оройтож оочерлосон улс сүүгүй буцдагсан. Хариад хийх юм олдохгүй, эргээд унтая нойр хүрэхгүй. Тагтан дээрээ гарч хэсэг зогсоно оо. Манай тагт их урт. Тэр үеийн барилгачид яасан ч өгөөмөр байсан юм. Одоо тийм тагттай барилга баривал барилгын салбарынхан дампуурах биз ээ. 

Тагтан дээрээ гараад ийш тийш харж зогсоход сонирхол татмаар зүйл үл үзэгдэнэ. Хар зам хов хоосон. Нааш цааш яваа унаа тэрэг ч гэж үгүй. Онцлож хармаар сонин содон зүйлгүй болохоор ганцаараа жаал гиюүрнэ ээ. Зүүн хөлөө өргөж тагтны ирмэг дээр тавьчихаад нугдайж зогсох. Хэсэг зогстол нойр хүрмэр болоод явчихдагсан. Ийм дүр зураг хэр олон давтагдсан юм бол. Конкурс дөхчихсөн ээвэр өдөр хичээл тараад хуучин байрныхаа зүг найз охинтойгоо алхаж явав. Нэг харах нь ээ өнөө хүү балкон дээрээ гараад яг над шиг зүүн хөлөө тагтныхаа ирмэг дээр тавьчихаад тугдайж зогсоно. Нөгөөх л гэмгүй харцаараа эгц өөдөөс харж байсан даа. Найзын маань яриа холдоод чих дүлийрч, хэл гацчих шиг л болсон. Тэрхэн үед би түүний өмнө ямар нэг хэмжээгээр буруутай юм шиг мэдрэмж төрөөд ахин тэр зүг зүрхэлж харж ч чадаагүй. Энэ явдлыг бодох бүрт надад хөндүүр санагддаг. Найз маань миний царайг олж хараагүй нь яамай даа. Яав ч олигтой царай харагдахгүй байх байсан, тэр надаас юу болсныг маань асуусан бол улайсандаа би бүгдийг тоочих байсан биз. Гэлээ ч найз маань юу ч анзаараагүй өнгөрч билээ. 

Бид ханилж явсаар байшингийн булан тойроход цээжин дотор харлаад, ийш тийш тарж одсон ухаан санаагаа цуглуулмар аядав. Тэр явдлаас хойш би түүнтэй ахин таараагүй. Оюутны амьдрал, амьдралаа босгох, үр хүүхдээ өсгөх, мэдээний албаны галзуу хурд энэ түүхийг тэртээ хол мартуулжээ. Энэ тухай өмнө нь би найз нөхдийнхөө хэнд нь ч яриагүй. Ярихаар зүйл ч гэж бодоогүй. Нууц ч гэж хадгалаагүй юм. Зүгээр л болох зүйл болсон шиг мөрөө давуулаад хаячихсан юм билээ. Одоо би өөрийгөө олон юман дээр анзааргагүй хүүхэд байж дээ гэж зэмлэдэг. Арван хэдтэй охинд юуных нь анзаарга байсан байгааж дээ гээд эргээд бас зөвтгөдөг. Дотор нь юу байгааг нээж хараагүй гоёлын хайрцаг шиг энэ жижигхэн түүхийг ийм олон жилийн дараа огтоос бодоогүй зүйлээс болж эргэн санах юм гэж төсөөлж ч явсангүй. Тэр хүү одоо ямар залуу болсон бол, хэрхэн амьдарч байдаг бол, хэрхэн өөрчлөгдсөн бол гэж бодож үзсэн үү гэвэл үзсэн. Гэхдээ тагтан дээрх хураалттай зүйлс дундаас хүүхэд насны тоглоомоо олсон шиг тоосонд дараатай тэр л дурсамжаа эргүүлж тойруулж үзээд, бяцхан догдлолтой нь цуг тэгсгээд буцаагаад далд хийчихсэн дээ.