Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байна. 

Мөн Хятадын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. Эдгээрийг шуурхай ашиглалтад оруулахад яам онцгой анхаарч байна" гэлээ. 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд харилцан соёлын өдрүүд зохион байгуулах, 2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Зэдун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.