Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо эхэллээ.

Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл:Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.


Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй  Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм.Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтыгЯпоны Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэ анх санаачилж, Токио хотноо 1993 оны гуравдугаар сард анхны хуралдаанаа хийж байжээ. Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос эхлэн чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг билээ.

Чуулга уулзалтын нээлт тус улсын Үндэсний ассамблейн(парламент)ордонд болов. Нээлтэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтын ерөнхийлөгч Нгуен Тхи Ким Нган, БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгчГабриэла Куэвас Баррон, Фижи Улсын парламентын дарга Жико Лувенинарын зэрэг албаны хүмүүс үг хэлж, Япон Улсын төлөөлөгчдийн тэргүүн Такүжи Янагимото тус чуулганы Хүндэт ерөнхийлөгч Ясухиро Накасонэгийн илгээлтийг уншин сонсгов.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй манай бүс нутгийнхны хувьд харилцан хөрөнгө оруулалтыг дэмжиж, техник технологийн шинэ ололтыг эзэмших, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хамтын зөв шийдвэр гаргах замаар тогтвортой хөгжлийг цогцлоох нь эрхэм зорилт байх болно. Экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюул, терроризмаас урьдчилан сэргийлж, яриа хэлэлцээ, энх тайвнаар асуудлаа шийдэж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлаас гарахыг чухалчлан, худалдаа хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж, бүс нутгийн хамтын хөгжлийг хангах зорилгоо  биелүүлж чадвалXXIзуун манай бүс нутгийн зуун байх болно. Үүнд хууль тогтоох байгууллагуудын үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг үг хэлсэн хүмүүс онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 26-р хуралдааны Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Тэрбээр энд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний ийм томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Вьетнамын төр, засаг, ард түмэн, Ханой хотын иргэдэд талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нэгэнт гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно хэмээн онцоллоо.