Завгүй амьдралын хэв маягт жолоо барингаа, гэрээ цэвэрлэж, хоолоо хийнгээ сонсож мэдлэг оюунаа тэлж болох зүйл бол подкаст. Сүүлийн жилүүдэд подкаст сонсогчдын тоо эрс нэмэгдэж үүнийг дагаад подкаст үйлдвэрлэл ч эрчимтэй өрнөж байна.

 Сонирхол чиглэл бүрээр дагнасан подкастууд дундаас ач холбогдол, үр нөлөөтэйг нь олж сонсоно гэдэг чамгүй эрэл хайгуул болох нь мэдээж. 

Хэн бүхний халгаж явдаг ч хамгийн ихээр мэдээлэл дутмаг подкастын төрөл бол иргэний боловсрол олгох тэр дундаа улс төрийн боловсрол олгох подкаст билээ. Уйтгартай хүнд сэдвийг хэрхэн сонирхолтой байдлаар хүнд хүргэх вэ гэдэг ч томоохон сорилт билээ. 

Тэгвэл хоёр сэтгүүлч бүсгүй хамтран улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастыг эхлүүлээд байна. 

Ингэхдээ сэтгүүлч мэргэжлийнхээ давуу чанарыг ашиглан улс төрийн шинжлэх ухааны онол, хандлагыг энгийн байдлаар тайлж энгийн яриа өрнүүлэхээс гадна Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, түүхтэй холбон тайлбарладгаараа онцлогтой. 

Улс төрийн сэтгүүлзүйгээр 20 гаруй жил дагнан бичсэн Өдрийн сонины гэх тодотголтой Э.Энэрэл, сэтгүүлч, МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант Б.Анхзаяа нар энэхүү подкастаараа төрийн байгуулалтаас эхлээд засаглалын хэлбэрийг энгийнээр тайлбарлаж, ухамсартай сонголт хийх арга замууд, улс төрийн үйл явдалд зөв дүн шинжилгээ хийх арга барилыг олгоход дусал ч болов хувь нэмрээ оруулахыг зорьж буйгаа онцолж буй. 



Подкастын эхний дугаарыг сонсох:


Өнөөгийн улс төрийн хямралт нөхцөл байдал нь иргэдийн хяналт оролцоо суларсан байдлыг улс төрчид гарамгай ашигласны хор уршиг билээ. Иймд иргэд засаглалд хяналт оролцоогоо нэмэгдүүлэхэд энэхүү иргэний улс төрийн боловсрол чухал ач холбогдолтойг подкастын санаачлагчид онцолж байлаа.