Монгол Улс өнгөрсөн жил анх хиймэл дагуулыг задгай сансарт хөөргөсөн билээ. Тэгвэл тун удахгүй зайнаас тандан судлах микро хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү төхөөрөмжийн лабораторийн нэр нь “Нано”. Хиймэл дагуулыг бүтээхийн тулд энэ салбарын эрдэмтэн, судлаачдын хамтарсан уулзалт маргааш болох гэж байна. Хэлэлцүүлэгт холбогдох чиглэлийн 30 орчим байгууллагын төлөөлөл тэр дундаа сансарын нисэгч Ж.Гүррагчаа, Хоккайда их сургуулийн багш нар оролцох юм. 

Өмнөх “Мазаалай" хиймэл дагуулыг шинжлэх ухааны зорилгоор бүтээгдэж байсан юм. Тэгвэл шинээр бүтээхээр төлөвлөж буй жижиг оврын хиймэл дагуул нь сансараас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар ярьж байна. Энэхүү хиймэл дагуул нь 50*50 хэмжээтэй жижиг оврынх тул бага өртөгөөр бүтэх боловч байгаль цаг уурын онцгой нөхцөл байдлыг урьдчилан мэдүүлдэг. Өндөр нарийвчлалтай мэдээллийг бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэнэ. 

Хэрэв бодлогоор дэмжвэл ирэх оны сүүлээр хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ.