Олон улсын хамтын нийгэмлэг, тухайлбал Орос, Хятад болон Европын Холбоо худалдааны салбарт АНУ-ыг “шулж” байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Цагаан ордонд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай яриа хэлэлцээ хийх үедээ мэдэгдсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Худалдааны салбарт манай улсыг дэлхийн бараг бүх улс шулж байгааг хүмүүс ойлгох ёстой. Үүнд сөргөлдөгч Орос, Хятад улс болон бидний сайн хүмүүс хэмээн тооцдог Европын Холбоо ч хамаарна” гэж Америкийн төрийн тэргүүн энэ долоо хоногоос нэвтрүүлэхээр төлөвлөж буй ган, хөнгөн цагааны импортын татварын талаархи асуултад хариулахдаа тэмдэглэжээ.
 
“Эдгээр улстай АНУ ажил хэрэг явуулж болох боловч “тэд үүнийг хүсэхгүй байна”. Тэд импортын татвар тогтоодог бөгөөд дээр нь бас энэ татвараас хамаагүй хорлонтой худалдааны саад тотгор тавьдаг” гэж Трамп мэдэгдэхийн сацуу Европоос орж ирж буй авто машинд ч импортын татвар тогтооно хэмээн сүрдүүлэв.    
 
“Бидэнд анд нөхөд байж болно. Гэхдээ сүүлийн хэдэн жилд худалдааны салбарт бид жил бүр 800 тэрбум ам.долларын алдагдалтай явж ирсэн. Цаашид ийм байдал үүсэхгүй. Бид мөнгөө эргүүлэн олж авах ёстой. Худалдааны салбарт АНУ-д хамгийн хохирол учруулж буй улс нь Хятад юм. Бид 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Өмнөх ерөнхийлөгч нар ийм байдалд хүргэсэн ичгэвэртэй хэрэг юм” гэж Д.Трамп ярьсан байна.
 
Энэ долоо хоногоос АНУ ган болон хөнгөн цагаанд импортын татвар нэвтрүүлэх тухай Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Ганд 25% ба хөнгөн цагаанд 10%-ийн татварыг уг бүтэгдэхүүнүүдийг нийлүүлэгч бүх улсын хувьд нэвтрүүлэх аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг