"Ройтерс" агентлаг Даваа гаригт “АНУ-ын засаг захиргаа Украинд 200 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болсноо Мягмар гарагт зарлахаар төлөвлөж байна” гэж мэдээлжээ.

Тусламжийн багцад танк эсэргүүцэх пуужингийн AT-4, TOW, Javelin цогцолбор, мина цэвэрлэх төхөөрөмж, Патриот зенитийн пуужингийн системд зориулсан сум, GMLRS удирддаг пуужингийн систем, бусад сум, түүнчлэн жижиг зэвсгүүд багтаж буй юм байна. Эдгээр хөрөнгийг Пентагоны нөөцөөс гаргахаар болсныг АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ.

Уг хэвлэлд тэмдэглэснээр, АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа шилжүүлж эхэлж байгаа бөгөөд эхний ээлжид 200 сая ам.долларын багц илгээхээр болсон нь энэ аж.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Вашингтоны засаг захиргаа яг одоо Конгресст Киевд тусламж олгох тухай төсвийн шинэ хүсэлт гаргахаар ажиллаж буй юм байна.