"Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Энхжаргалыг чөлөөлөх чиглэлийг өнөөдөр Засгийн газраас хүргүүлсэн байна.

Д.Энхжаргал нь "Оюу толгой" компанид Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлөх нэг гишүүн юм. Тэрбээр 2018 оны аравдугаар сард ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон юм.

Чухам ямар шалтгаанаар түүнийг чөлөөлсөн нь тодорхойгүй ч Дубайн гэрээг эргэж харах шаардлага гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт шийдвэртэй холбоотой байх магадлалтай.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ дахь Монголын талын бүрэлдэхүүнийг шаардлагатай бол өөрчилнө гэсэн ярилцлагыг ч жилийн өмнө өгч байсан билээ. Ярилцлагын дараа Монголын талын төлөөллийн нэг Б.Мөнхбаатарыг чөлөөлсөн юм.

Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр 6 сар ажилласан Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм.

Тэрээр Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд Зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан намтартай.