НБЭ-ийн мэргэн буучдын нэг Рэй Аллен 2014 онд албан ёсоор зодог тайлсан билээ. Тэгвэл Рэй Аллены замналыг өгүүлэх "From the Outside: My Journey through Life and the Game I Love" нэртэй ном 3-р сарын 27-ны өдөр худалдаанд гарах юм.

Энэ сарын эхээр олон нийтэд цацагдсан номын нэгэн хэсэгт Ражон Рондогийн тухай, түүнийг 2011 онд Крис Полоор солих гэж байсан тухай, Рондо өөрийгөө 2008 оны аварга авсан багийн хамгийн чухал хэсэг байсан гэж хэлсэн тухай дурдсан байсан.

Ражон Рондо Рэй Аллены шинэ номонд өөрийнх нь талаар сөрөг утгатай зүйлс бичсэнд дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр "Рэй Аллен зүгээр л олны анхааралд өртөх гэж хичээж байна. Миний нэрийг ашиглаж номоо илүү олон хувь борлуулахыг хүссэн бололтой. Магадгүй надад борлуулалтын хувь ч өгөх хэрэгтэй байх" гэж хэлжээ.

Ажил хаялтын улмаас богино үргэлжилсэн 2011-2012 оны улиралд Бостон Сэлтикс баг Ражон Рондог Нью Орлеанс Хорнетс багийн Крис Полоор солих талаар мэдээлэл цацагдаж байсан. Гэвч Крис Пол Сэлтикс багт гэрээгээ сунгана гэсэн амлалт өгөөгүй учраас тус хэлэлцээр нуран унаж байсан билээ.