Франц улсад болсон мөсөнд авиралтын залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлджээ. 

Манай тамирчдаас Б. Мөнхбаатар 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд алтан медаль хүртлээ. 

Тэрбээр урьдчилсан шатанд 9.91 секундээр тэргүүн байр эзэлсэн бол финалд 10.15 секундэд замаа дуусгаж түрүүлсэн байна. Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финланд улсад болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Түүнчлэн 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар урьдчилсанд 19.27 секундэд замаа дуусгаснаар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар 13.93 секундийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. 

Ингэснээр тэд энэ сарын 25-27-нд Швейцарийн Саас Феед хотод болох Дэлхийн Цомын тэмцээнд оролцохоор болжээ.