Саудын Арабийн эмэгтэйчүүд спортын цэнгэлдэх хүрээлэнд анх удаа орж үзлээ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус улсын баруун нутгийн Жидда хотод баасан гарагт буюу өчигдөр болсон дотоодын хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт үзсэн байна.

Консерватив үзэлт, лалын шашинт энэ улсын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлагаар эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй болсоор байгаа юм.

Цэнгэлдэх хүрээлэнгийн “гэр бүлийн хэсэг” гэсэн хэсэгт эмэгтэй үзэгчид суун тэмцээнийг үзсэн байна.

Нэгэн эмэгтэй ярихдаа “Цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэх гэртээ үзэхээс огт өөр юм байна. Жолоо барих, цэнгэлдэх хүрээлэнд орохыг зөвшөөрөх зэргээр эмэгтэйчүүдийн эрх чөлөөг өргөжүүлж байгаад үнэхээр баяртай байна” гэжээ. Тус улсад эмэгтэйчүүдийн жолоо барих эрх энэ оны зургадугаар сард нээгдэх юм.

Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар, эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор олон нийтийн дунд үүсээд буй бухимдлыг дарахаас гадна эдийн засгийн шинэчлэл хийж буй Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы нэр нөлөөг бэхжүүлэхийн тулд Саудын Арабийн Засгийн газар ийм өөрчлөлтүүд хийж байгаа бололтой.

Эх сурвалж: Монцамэ агентлаг