Оны гараад татвар гэгч олон гэнэтийн “бэлэг” хүлээн авсан Монголчууд дахин нэг дарамттай нүүр тулав. Энэ бол шатахууны үнийн нэмэгдэл болоод хомсдол. Оны эхний өдрөөс л үүнийгээ мэдрүүлж шатахуунаа хязгаарлаж эхлэхдээ ОХУ-ын Роснефть компанийн хоёр үйлдвэрт урсгал засварт орсон, үүнээс болж манайх руу нийлүүлэх түлшээ багасгасанаас нөөц багассан гэх тайлбар өгч байсан юм. Бодит байдал дээр манай улс өнөөдрийн байдлаар 115 мянган тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байна. “Энэ бол хэвийн нөөц, өнгөрсөн жилийн өдийд ч бас ийм л нөөцтэй байсан. Тэгэхээр шатахууны нийлүүлэлтэй холбоотой хязгаарлалт байхгүй” гэдгийг УХҮЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн хэлж байна.

Гэтэл чоно борооноор гэдэг шиг амралтын өдрөөр импортлогчид үгссэн мэт шатахуунаа зарж борлуулсангүй. Ням гаригт бол хотын ойролцоох ШТС-ууд АИ92 шатахуунаар бүрэн тасарч цөөхөн хэдэн ШТС-ууд автомашины хөлд дарагдсан. Түгээгч нар нь шатахууны нөөц  дууссан гэсэн тайлбарыг иргэдийн буцааж байв. Өнөөдөр ч шатахуун хомсхон хэвээрээ. Импортлогчид  шатахууны үнээ нэмээгүй гэж өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. Гэвч АИ95 шатахууны үнийг 150 төгрөгөөр нэмжээ. Томоохон ШТС-ын зарим нь ажиллаагүйгээс болж өнөөдөр ч нийслэлчүүд шатахууны эрэлд гарцгааж байна. Бид томоохон Шатахуун  түгээх станц /ШТС/-уудын  үнэ тарифыг тодруулж ямар салбар станцууд шатахуун өгч байгаа талаар /11 цагийн байдлаар/ тодрууллаа.

 АИ95 шатахууны үнээ нэмэгджээ

“Петровис” компани гэхэд амралтын өдрүүдэд хот орчмын бүх шатахуун түгээх станцуудад АИ 92 бүрэн тасарсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Амралтын өдөр зөвхөн 22-ын Товчоо, Гацуурт дахь салбарт нь бага хэмжээний нөөцтэй үлдсэн талаарх тус компанийн оператор мэдээлэл өгсөн юм. Өнөөдөр байдал дээрдсэнгүй. Тус компаниас шатахуун өгч байгаа эсэхийг лавлахад зөвхөн Энхтайваны гүүрний хойд талын ШТС л АИ92 шатахууныг борлуулж байгаа гэв. Үнийн хувьд түлш болон АИ 92 шатахуунаа үндсэн үнээрээ.  АИ 95 шатахууныг 150 төгрөгөөр нэмжээ. 

“Шунхлай” ХХК-ийн хувьд амралтын өдөр шатахуун импорлогчид шатахуунаа хязгаарласнаас өндөр ачаалалтай ажиллажээ. Шатахууны эрэлд хатсан иргэд урт цуваа үүсгэж үүр цайтал ачаалалтай ажилласан гэдгийг салбар хариуцсан түгээгч хэлэв. Өнөөдрийн байдлаар тус компанийн АИ92 шатахууны нөөц дуусчээ.   Зөвхөн Эмээлт болон, хуучин 22-ын товчоонд байрлах салбараас л АИ 92 шатахууныг авах боломжтой гэв. АИ95 байгаа ч нэмэгдэл үнээр борлуулж байна.

“Содмонгол”  компанийн хувьд үнийн нэмэгдэлгүй ч зөвхөн гишүүнчлэлийн карттай  хэрэглэгчиддээ үйлчилж байна.  Хэрэв 5000 төгрөгөөр карт нээлгэчихвэл шатахуунаа авч болох гэнэ. 

М ойл болон “Тэс” зэрэг шатахуун импортлогчдын хувьд амралтын өдөр үнийн самбараа унтраачихсан, ажиллахгүй гэсэн бичгийг хадчихсан байв.

Үнэ нэмэх шалтгаан нь юу байв?

Манай улсад гаднаас шатахуун оруулж ирдэг тусгай зөвшөөрөлтэй 31 ахуйн нэгж байдаг.  Үүнээс томоохон 15 компани тогтмол үйл ажиллагаа  байгаа бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалдаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбоо” гэж бий. Тэдний мэдэгдэж буйгаар импортлогчид 3-4 сарын  өмнөөс алдагдалтай ажиллаж эхэлсэн гэнэ. Уг асуудлаар Засгийн газарт удаа дараа мэдэгдэл хийж байсан ч дорвитой шийдэлд хүрээгүй өдийг хүрлээ. Одоогоор шатахуун импорлогчид  урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх буюу ашгаасаа алдагдлаасаа нөхөж ажиллаж байна. Мөн шатахуун импорлогчид үнийг огт нэмээгүй гэв. Гэвч бодит байдал дээл АИ95 шатахууны үнэ нэмэгдчихээд байгаа билээ.

Үнэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол өнгөрсөн онд нэмэгдсэн хоёр ч удаагийн шатахууны онцгой албан татвар юм. Мөн Олон улсын зах зээл дээрх нефтийн ханшийн өсөлт гэдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад нэг баррел нефтийн үнэ 30 хувиар өссөн байна. Үүн дээр валютын ханш чамгүй нөлөөлсөн байна.

Эдгээр шахалтаас болж литр тутамд шатахууны төрлөөс хамаараад 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Хэрвээ төрийн зүгээс үүнд зохицуулалт хийхгүй бол нэмэхээс аргагүй. Магадгүй онцгой татвараа эргэн харвал 180-210 төгрөгийн зөрөө гарах боломжтой байгаа гэв.

Түүх сөхвөл 2012-2016 онуудад нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ түүхэн доод хэмжээндээ хүртэл унах үед, бид ашигтай ажиллаж байна гэхийг бид лав сонсоогүй. Тухайн үед үнээ ч буулгаж байгаагүй  юм. Тэгсэн хэрнээ импорлогчид хомсдол гэдэг тоглолт хийж эхлэнгүүт Монголбанкнаас 120 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож байсан удаатай.  Шатахууны хомсдол үүсчихсэн, импорлогчид бойкот хийгээд эхэлчихсэн энэ үед Засгийн шийдвэрийг л хүлээж суухаас өөр гарц алга.