Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх Одгэрэлийн Санжаагийн нэгдүгээр эгнээгээр явсны төлөө шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг  өнөөдөр хэлэлцсэн байна. 

Гомдол гаргагч О.Санжаагийн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Миний бие Өвөрхайнгай аймгийн Бүрд суманд 14 хоногийн хугацаагаар ажиллаж байсан. Энэ хугацаанд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй болно. Харин энэ өдөр аав маань Драгон автовокзал орох ажлаар миний машиныг жолоодож явсан юм. Тиймээс миний нэр дээр хууль бусаар бичигдсэн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ. 

Тэрбээр Зөрчлийн болон Замын хөдөлгөөний хуул дээр үндэслэн 1 дүгээр эгнээгээр явж болохгүй гэсэн хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг олон талаар баталж заргаа авчээ. Тухайлбал зөрчил үйлдсэнийг стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр баримтжуулсан тохиолдолд “Торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг “Шийтгэлийн хуудас”-ын хамт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан зөрчил гаргагчийн хаягаар хүргүүлэх” гэж тус тус журамласныг зөрчсөн байна.

Энэ мэт арваад үндэслэлээр түүний торгуулын шийтгэвэрийг хүчингүй болгосон байна. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа "Энэ торгууль хууль бус байсныг нотоллоо. Хүн эрхээ хамгаалж ЗЦА, Шүүхэд хандах хэрэгтэй. Одоо нийслэл,ЗЦА ч нэг юм бодох байлгүй дээ" хэмээн бичжээ.